Орон нутгаар нэлээдгүй явлаа. Гар, толгой хоёроо ажиллуулж чадаж байгаа нь боломжийн сайхан амьдарч байна. Хамгийн баярлаж, бас бахархууштай нь ахмад настнууд залуучуудаасаа дутахгүй хөдөлмөрлөж байгааг харлаа. Сэтгэж, түүнийгээ ажил болгож чадаж байгаа хөгшчүүд очсон аймаг, сум бүрт байна. Ахмадын хороо нь ч сайн ажиллаж, өндөр настнуудаа чиглүүлж, идэвхжүүлэх юм. Ахмадууд нь ч ахмадын байгууллагаа сайн хүрээлэх юм. Гар урлал, газар тариалан, сүү, цагаан идээний болон бусад жижиг, дунд үйлдвэрлэл ахмадуудын дунд боломжийн хөгжиж.
Хамтарч бүлэг болж ажиллахаас гадна зэргэлдээ сумынхаа ахмадын хороотой гэрээ байгуулан хамтран ажиллаж, туршлага солилцож байгаа нь олз. Ажиллаж чадаж байгаа хүмүүсийн ухамсар сэтгэхүй нь өөр ажээ. Хамгийн гол нь хийе бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй ахмадуудыг төрөөс дэмжиж, хөдөлмөр эрхлэлтийн зээлд хамруулах тал дээр илүү ахиц гаргамаар санагдсан. Сумын байшин, саравчны булан тохойд гурав дөрвөөрөө нийлэн “ганц юм” тойруулж шар наран, бор хоногийг дэмий өнгөрүүлж суух залуус ахмад настнуудаасаа ичиж, толгойндоо салхи оруулж, сэтгэлгээндээ хувьсгал хийх цаг болжээ. Эцэг, эхээ тэтгэврийн зээлэнд уяж хаяад наргих нөхдүүд тийм ч цөөн биш байна!
Ганцхан жишээ дурдахад Говь-Алтай аймгийн ахмадын хорооны дарга С.Галсанчоймбол манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Хүчирхийллийн шинжтэй асуудал ахмадуудад тохиолддог. Гэхдээ нэрэлхүү учраас их нуудаг юм билээ. Жишээ нь тэтгэврийг нь хүүхдүүд нь аваад ээж, аавдаа юм өгдөггүй тохиолдол сум болгонд байна. Өөрсдөө хэлэхгүй ч анзаарч хардаг хүмүүс байдаг болохоор нууц биш болсон” хэмээн зориуд онцолсон байдаг.
Эцэг, эхээ хайхардаггүй хатуу сэтгэлтэй үр могойнуудад хариуцлага тооцоё. Өндөр настнууд өөрийнхөө насаараа хөдөлмөрлөсний үр дүн болох тэтгэврээ өөртөө л зориулах ёстой.
Д.Лхагва