Хүүхдийн шүдний өвчлөл маш өндөр түвшинд байна. 8 дугаар сар дундаа ороогүй байхад Баянзүрх дүүргийн эмнэлгийн шүдний тасгийн цаг дуусчээ. Хувийн эмнэлгүүдийн зөвхөн ганцхан шүд эмчлэх төлбөр нь иргэдийн бодит орлоготой харьцуулбал хэтэрхий өндөр болохоор цалингаас цалингийн хооронд явдаг хүмүүс ихэвчлэн улсын эмнэлэгт ханддаг. Гэхдээ эрүүл мэндийн даатгал төлж байгаа гэдэг утгаараа улсын эмнэлгийн үйлчилгээ хүртээмжтэй байх ёстой шүү дээ!
Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв гэдэг улсын эмнэлэг байх. Харамсалтай нь зөвхөн цахимаар цаг болгох журамтай болохоор энэ эмнэлгээр үйлчлүүлнэ гэдэг бараг л санасны гарз. 20 цагаас хойш цаг өгнө гэдэг боловч хэр баргийн хүн цахимаар цаг авах боломжгүй. Ачааллаасаа болдог юм уу, аль ч эсвэл системээсээ болдог юм уу цахим үйлчилгээ нь байнга доголдож байна.
“Маш олон хүн ханддаг болохоор цахимаар цаг авахад маш хүндрэлтэй” гэж тус төвийнхөн хүлээн зөвшөөрөөд сууж байна. Ер нь эмчийн хүрэлцээ муутай учраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийнхөн ачааллаа дийлдэггүй ажээ. Эрүүл мэндийн яам үүнд анхаарлаа хандуулж, дорвитойхон өөрчлөлт хийе!
Д.Лхагва