Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ. Л.Оюун-Эрдэнэ “МАН урьдчилсан байдлаар 68-70 суудал авч ялалт байгуулж байна. Энэ бол ард түмний ялалт. Тогтолцооны реформ, үзэл санааны шинэчлэл болж байгаагаараа парламентын түүхэнд чухал хуудас болж үлдэнэ. Бид шинэ 30 жилийнхээ тогтолцоонд дасах ёстой. Намын дэргэд бодлогын судалгааны хүрээлэнгүүд бий болно. Намууд үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ. Ард түмний санал гээгдэхгүй. 1990 онд Монголын ард түмэн сонгуульд идэвхтэй ардчилалдаа сэтгэл хангалуунаар бүгдээрээ өндрөөр ирц бүрдүүлж, төлөөллийнхөө төв байгууллагыг бүрдүүлэх гэж саналаа өгсөн. Хамтдаа энэ түүх эхэлж, ардчилсан хувьсгал анхдагч үнэт зүйл дээрээ эргэн ирэх ард түмний дуу хоолойны ялалт болж байна.
Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлын хувьд өрсөлдсөн нам эвсэл, бие даагчдадаа баярлалаа. Мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Бид үзэл бодлын ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэл бүрийг үйл ажиллагаандаа тусгахын төлөө хичээх болно. Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон хоёр дахь давлагаа эхэлж байна” гэв.