УИХ-ын сонгуулийн кампанит ажил долоо дахь өдрөө үргэлжилж байна. Сүүлийн хэд хоногт таагүй мэдээ ар араасаа цувраад эхэллээ. МАН-аас нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын Увс аймагт болсон сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр өөрийг нь шүүмжилсэн иргэдийг түүний хамгаалагч нар хөөж, өргөөд гаргачихсан гэнэ. Энэ тухай бичлэг хийсэн иргэдийн гар утсыг хураан авч зураг, бичлэгийг устгасан үйлдэл гаргалаа гэж мэдээлж байна. Хэзээнээсээ Ч.Хүрэлбаатарыг хаа явсан газар нь мөрдөж мөшгөөд явсан хэдэн нөхдүүд байсан. Тэдний л хийж байгаа үйлдэл гэж зарим хүмүүс хэлж байна. Хэдэн долоо хоногийн өмнө хотын дарга Х.Нямбаатарыг нэг нөхөр өглөө үдэшгүй дагаж, хаа явсан газар нь хэлсэн ярьсныг нь мушгин гуйвуулаад л байгаа бичлэг цацагдаж байсан. Сошиалаар тролдохоос гадна дагаж тролддог шинэ хэлбэр гарсан бололтой. Одоо үүнийг зохицуулах хууль, журам хэрэгтэй болжээ.
Архангай аймагт АН-аас зохион байгуулсан нэр дэвшигчидтэй хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигч П.Мөнхтулга цагдаагийн байгууллагаас дуудаагүй байхад өөрийнхөө сайн дураар очиж мэдүүлэг өгөхөөр очсоныгоо “Цагдаагийн байгууллагаас АН-ын нэр дэвшигчийг албан хүчээр баривчиллаа” хэмээн өөрийнхөө аав Ө.Пүрэвбаатараар дамжуулан АН-ын цуглаан дээр зарлуулж, ард иргэдийг худал мэдээллээр өдөөн турхирч, үймээн самуун дэгдээхийг завдлаа. Үүнийг шалгаад эсрэгээрээ цагдаагийн байгууллагын нэр төрд халдсан, аймгийн Засаг даргыг согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн гүтгэж, биед халдсан нь тогтоогдлоо хэмээн холбогдох албаныхан мэдээлсэн.
Сонгууль болгоноор энэ мэтчилэн янз бүрийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд бүртгэгддэгч сонгуульд ялалт байгуулсан хүчин үл тоож, хууль хяналтын байгууллагууд тэдний амыг хараад дараад өнгөрдөг гэм тогтжээ. Үүнд нь амташсан улс төрийн тоглогчид сонгуулийн сурталчилгааны үеэр бусдыг гүтгэн доромжлох, нэр төрд нь халдах, хүнд гэмт хэрэгт холбогдуулах гэж оролдох гэх мэт үйлдэл даамжирсаар сүүлдээ хүний амь хохирсон хэрэг гарахад хүргэлээ.
Иймд сонгуулийн сурталчилгааны үед хийсэн гэмт хэрэг гэсэн шинэ зүйл заалтыг Эрүүгийн болон бусад хуульд тусгайлан нэмж оруулах шаардлагатай байна.
Сонгуулийн сурталчилгааны үеэр бие биенээ гүтгэн доромжилж, харааж зүхэж, хүнд хэрэгт холбогдуулах гэж улайрч байсан мөртөө дараа нь парламентийн танхимд тэврэлдээд бие биендээ баяр хүргэн уулзах нь ёстой л МАНАН-гийн бодит төрхийг илтгэнэ.
Өнгөрсөн бямба гаригт Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга бусдын гарт амиа алджээ. Энэ хэрэг гардаг орой 19.00-20.00 цагийн орчимд Өверхангай аймгийн Сант суманд МАН-аас нэр дэвшигч нар иргэдтэй уулзалт хийж байжээ. Энэ үеэр МАН-ын ухуулагчаар ажиллаж буй малчин П.Отгонбаатар АН-ын байранд ирж “Та нар яахаараа энэ дарга нарын уулзалтад оролцдоггүй юм. УИХ-ын дарга ирчихсэн байхад уулзалтад нь оролцдоггүй юм бэ?” хэмээн танхайрч, улмаар талийгаачийн хүзүү рүү өшиглөж төвөнхийг нь чихэн амь насыг нь хохироосон байна.
Үүнийг АН-ын зүгээс эгдүүцэж хэвлэлийн бага хурал зарлаж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, АН-ын нэр дэвшигч О.Баасанхүү нар нэлээд хатуу байр суурь илэрхийлж, МАН руу хүчтэй дайралт хийж эхэллээ.
Энэ хэргийн учрыг маш сайн шалгах хэрэгтэй. Тэртээ 1933 онд Германы Рейхстагийг галдан шатааснаар фашизм газар авах нөхцлийг бүрдүүлж байсан. 1998 онд С.Зоригийн аллагын захиалагчийг тодруулах эгзэгтэй үед, улс төрийн сонгуулийн шийдвэрлэх мөчид энэ гэмт хэрэг яагаад гарах болов. Цаад учрыг нь заавал олж тогтоох ёстой.
Хэрэв тэгэхгүй бол төрийн эрхийн төлөөх өрсөлдөөн цуст тэмцлийн зам руу хальтирна. Үүнийг зарим нэгэн хүмүүс бүүр ч их хүсч байгаа бололтой. АН-аас жагсаалтаар нэр дэвших гэж оролдож байсан Амартүвшин “Ийм үүлэн чөлөөний нар ахиж олдохгүй. Энэ гоё боломжийг ашиглаж чадахгүй өлбийчихөөд МАН-ын зааврыг хүлээгээд сууж байгаа Лу-д уур хүрээд байна. Уг нь одоо жинхэнэ улс төрийн тоглолт хийгээд эрэгчин эмэгчнээ үздэг цаг” хэмээн өдөөн турхирав.
Болсон үйл явдал МАН-ын удирдлагуудыг шоконд оруулсан боловч асуудлыг бодьтой, эв зүйгээр шийдэхийг урьтал болголоо. Эхлээд хэвлэлийн бага хурал хийж, уучлалт гуйгаад гэмт хэрэгт холбогдсон иргэн О нь нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагч байсан тул улс төрийн хариуцлага хүлээлгэж, УИХ-ын сонгуулиас Г.Сайханбаярын нэрийг татах болсноо мэдэгдэв. Дараа нь МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын байданд очиж АН-ын дарга Л.Гантөмөртэй уулзаж, уучлалт хүслээ. Энэ уулзалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл цацагдаагүй. Ямар ч байсан улс төрийн голлох намын удирдлагууд уулзаж, асуудлыг бодитой дүгнэхийг эрмэлзэн, улс орныхоо эв нэгдэл, ирээдүйн хөгжлийн тухай ярилцсан нь тодорхой. Энэ бол аливаа тулгамдсан асуудлаар улс төрийн хүчнүүд цаг алдалгүй санал бодлоо солилцож, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэдэг улс төрийн соёл төлөвшихийн эхлэл байж мэднэ.
“Энэ уулзалтын дараа АН-ын байранд очсон хүн элийрэгч хэмээх Уянга, түүний сонгуулийн штабт ажиллаж байгаа Монголхүү нарын бичлэг шууд лайваар цацагдаж эхэлсэн. Тэд Л.Гантөмөрийг шахаанд оруулж, Л.Оюун-Эрдэнэ яагаад манай намын байранд явж байгаа юм, бид ялах ёстой биз дээ, юу болоод байгаа юм, тэгээд зүгээр л эмгэнэл илэрхийлж байгаа юм уу” гээд буруутгаж давшлав. Л.Гантөмөр “Хүн нас барчихаад байна, ингэж улстөржиж болохгүй, наад лайваа больчих”…гэж хашгирч орж ирсэн хүмүүсийг харин ч ханатай угтлаа. Тэдний бодлоор бол улсын Ерөнхий сайд нь эмгэнэл илэрхийлэхээр ороод ирж байхад өмнөөс нь хаалгаа нам дарж зогсоод, харааж загнаад, хөөж туугаад, бүүр хамгаалагчаараа заамдуулаад гаргах ёстой байсан юм уу?” гэж сэтгүүлч Р.Эмүжин цахим хуудсандаа бичжээ.
Гэтэл улс төрийн ноён нуруу заах ёстой ахмад улстөрч С.Баяр, Э.Бат-Үүл нар энэ бүхнийг С.Зоригын аллагыг илрүүлэх үйл явцтай холбон тайлбарлаж, хоорондоо бас толхилцоод авлаа.
Эхлээд Э.Бат-Үүл “С.Зоригийг хөнөөсний маргааш өглөө,Төв шуудангийн урд талын гудамж дүүрэн, хилэндээ шатсан олон мянган хүн цуглаад “МАН алсан”, “Цагаан байр руу дайръя” гэж хашгирцгааж байв. Бүгд л миний командыг хүлээж байв. Тэгэхэд нь би “Зоригийн үхлийг улстөржүүлж,монголчууд хоорондоо хагаралдаж болохгүй. Ингэвэл алуурчин нь олдохгүй” энэ тэр гэж баахан үг хэлэн тэднийг тайвшруулж, болзошгүй “иргэний дайн”-ыг зогсоосон юм. Би тэр үедээ, МАН харин ч эл хэргийг 26 жилийн турш улстөрд бузар муухайгаар ашиглан новшроно, баас хатавч өмхийгөө тавьдаггүй гэдгийг ухаараагүй ээ! Энэ сонгуулийг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, С.Зоригийг хөнөөсөн хэргээр “нээж” урьд хожид байгаагүйгээр улстөржүүлэн тоглож, ард түмнийг “Нүүрсний хэрэг” гэх мэтээс төөрүүлж чадсан. Үүнээс болж л манай намын гишүүний аминд хүрлээ” гэж бичсэн бол С.Баяр сөргүүлээд “Багын найз чамайг би илүү их хүндэлсэн. Гэтэл одоо тэр зөн совин, шудрага ёсны мэдрэмж чинь хаачив? С.Зоригийг хэн алсныг чи ч, би ч мэдэхгүй яваа. Тэр хэргийн учиг одоо хэр олдоогүй байна. Гэтэл энэ хэргийг зохиомлоор “хаах” гэж хэн, яагаад зүтгэв? Итгэхэд бэрх “зохиол” туурвиж, гэмгүй улсыг “хуулийн хонгилоор” яах гэж чирэв? Цаг хугацаа өнгөрөх тусам бүдэг бадаг байсан зарим юм тодорч байх шиг. Бодолд огт ирж байгаагүй зүйл орж ирдэг болж. Тийм учраас С.Зоригийг хөнөөсөн хэргийг мартаж хэзээ ч үл болно. Хэргийн жинхэнэ эзэн, захиалагч нь илэртэл нь явах ёстой. Тэр хар хонгилыг нураах ёстой. Өөр арга байна уу, Үүл ээ?” гэж жиргэжээ.
“Айдас дагуулсан сонгууль” гэж хэдхэн хоногийн өмнө бичиж байсан маань улам бүр тодорхой болж байгаа нь харамсалтай. Олон нийтийн сүлжээнд нэг хэсэг нь МАН ялвал дарангуйлал төгөлдөршинө, бизнес боогдож, хувийн хэвшил хавчигдана гэж байгаа бол нэр бүхий бичээч “…Энэ удаа АН ялчихвал солонгос мүүнчин, сайд байхдаа Сургалтын төрийн санг сүйтгэгчдийн нэг Л.Гантөмөрийг ерөнхий сайд болохоос айж байна. Энэ нам ялахаар Ц.Элбэгдорж гүйж ирээд галзуурч үймүүлэхээс, алдарт хулгайч Ч.Сайханбилэг америкаас ирээд атаман болохоос, сахал Д.Эрдэнэбилэг гадаадаас гүйж ирээд сайн бүхнийг авахаас, Б.Хурц авилгалтай тэмцэх газрын дарга болохоос, С.Баярцогт бүдүүрч томрохоос, Н.Удаанжаргал ирээд Төмөр замыг эзлэхээс, олон хулгайч, авилгач огцом дээшлэхээс айж байна. Тэд томорно, тэд даналзана…” гэж бичсэн байна.
Ингэж улс төрийн гол хоёр намыг хооронд нь хагаралдуулж, хүчийг нь сулруулан улс төрийн тавцангаас зайлуулах далд бодлого хүчтэй өрнөж эхлээд байна.
Ингэж иргэдийг айдаст автуулан байж хийсэн ард түмний сонголт “мэргэн” байж чадах уу?
Улс төрийн сонгуулийг гүтгэлэг, доромжлол, аллагаар үргэлжлүүлэх сонирхол хэнд байна вэ? Өдөөн турхирч, ил цагаандаа гарч эхэлж байгаа дээр дурдсан нөхдүүд үү? Аль эсвэл өөр нэгэн үү? Ингээд хараад л суугаад байх уу?
Сэтгүүлч Г.Энхбаатар