АН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр тус намын дэд дарга И.Мөнхжаргал “МАН сонгогчдыг 100 мянган төгрөгөөр худалдаж авах ханш тогтоож байна. 2024 оны 6-р сарын 10-ны өдөр Хотгор шанаганы гэдэг хочтой Монгол Улсын Засгийн газрын гишүүн Чимэдийн Хүрэлбаатарт гаргасан гомдлыг мөрдөгч Баттулга прокурорт хэрэгсэхгүй болгох саналаа хүргүүлж байна. Өмнө миний бие 6-р сарын 8-ны өдөр буюу 5 дахь өдөр ЦЕГ-т шаардлага хүргүүлсэн. Гэтэл хэргийг нь хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлж байгаа юм. Тиймд энэхүү хэргийг Ардчилсан намаас хүлээн зөвшөөрөхгүй гэж прокурорт гомдлоо гаргаж байна. 100, 100 мянган төгрөгийг мянган оюутанд тараасан Монгол Улсын ЗГ-ын гишүүн тойрогт өрсөлдөөд явж байна. Яаж шударга өрсөлдөх гээд байна вэ, МАН ялангуяа МАН-ын дарга Ерөнхий сайд Оюунэрдэнэ та шударга өрсөлдье гэсэн хаана байна вэ?
Сонгуулийн Ерөнхий хороо яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ? Цагдаагийн байгууллага эрх баригч намын гүйцэтгэх тушаалыг гүйцэтгэхээ болихгүй юм уу? Сонгуулийн үр дүнг иргэд хүлээн зөвшөөрөхгүй үймээн самуун дэгдээвэл хэн хариуцлага хүлээх вэ. Хуулийн байгууллага ажлаа хийхгүй болсноос сонгуулийн үр дүнтэй иргэд санал нийлэхгүй ийм үйл явдал болж магадгүй байна. Дахиад хэлье. Бусад нам эвслүүд хууль бус мөнгө тарааж байгаа эрх баригчдын үйлдэлтэй хамтран тэмцэхийг уриалж байна. Энэ зөвхөн Ардчилсан намын асуудал биш, иргэд сонгогчдыг 100 мянган төгрөгөөр үнэлж байгаа асуудал. Үүнтэй та бүхэн санал нийлж байна уу? Тэрбээр 100 мянган төгрөг тарааж байгааг баримттай гаргаж тавих ёстой шүү дээ” хэмээн нэлээд сүржин мэдэгдэл хийв. Хамгийн гол нь баримт шүү дээ. 100 мянган төгрөгийн баримтаа гаргаж тавих ёстой.
Нөгөө талаар түүний ярианаас үзвэл АН олонх болж чадахгүй бол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой харагдлаа. Тэд луйврын сонгууль боллоо гэдэг хорлонтой мессэжийг нийгэмд цацаж 7 сарын 1-ний хар өдрийг давтах сэтгэлзүйн бэлтгэл хийж байгаагаа дахин тодорхой илэрхийлэв. Хэнийг, аль намыг сонгох нь ард түмний мэдэх асуудал биз дээ? “Заавал АН-ыг сонго, тэгэхгүй бол үймээн самуун дэгдээнэ” гэж балмадаар тулгаж байгааг нь яаж ойлгох вэ? Ардчилсан нийгэмд иргэдийн сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж ярьдаг ардчилсан нам байдаг аа?
Д.Дорж