Аль 1990-ээд онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоог халсан биз дээ? 2024 оны сонгуульд өрсөлдөж буй намууд “Эдийн засгийн эрх чөлөөг яаж хангах юм?”, “Хувийн хэвшлийн хөгжих бололцоог яаж бодитойгоор дэмжих юм?”, “Бизнес дэх төрийн оролцоо, чөдөр тушааг яаж бууруулах юм?”, “Баялаг бүтээгчдэд учирч буй дарамтыг хэрхэн үгүй хийх юм?”, “Бизнесийн орчин дахь улстөрийн нөлөөлөл, намчирхал, шударга бус өрсөлдөөнийг яаж устах юм?” гэдэг чиглэлээр ямар бодлого, зорилт боловсруулснаа мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулж маш тодорхой танилцуулмаар байна. Зүгээр хоосон амлалт бол хэрэггүй! Хувиараа хөдөлмөр эрхлэх, бизнесээ өргөжүүлэх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэсэн энэ хоёрхон эрх чөлөө л ард түмний хувьд ёстой л нөгөө ус агаар мэт амин чухал хэрэгцээ шүү! Баялаг бүтээгчид дээрээ л аливаа улс орон тулгуурлаж хөгждөг биз дээ? Төрийн бүтэц улам данхайн, хувийн хэвшлүүдэд хаалттай, боолттой болоод, тэднийг дарамтлаад байвал улсын эдийн засаг хатаж гандсан цөл шиг л болно. Эдийн засаг нь уначихсан улс орон хоёр хөлгүй хүн л гэсэн үг. Хөдөлмөр эрхлэх насны бүх хүнийг төрийн харьяалалтай байгууллагад шингээж, цалинжуулж чадахгүй биз дээ? Тийм тогтолцоо энэ дэлхийн хаана ч байхгүй. Тэгэхлээр санаж сэдэж, хөдөлмөрлөж, зүтгэж байгаа Монгол залуустаа хөдөлмөр эрхлэх боломж олгохоос өөр гарц, гаргалгаа байхгүй.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу 2019 онд бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзах үеэрээ “Засгийн газар баялаг бүтээгчдээ бүх талаар дэмжинэ. Та бүхэн бол баатрууд” хэмээн тодорхойлж билээ. Үүн шиг үнэн зөв үг байхгүй. Харамсалтай нь сүүлийн 30 гаруй жил бизнес эрхлэгчдийн нуруун дээр хамаг ачаагаа үүрүүлсэн хэрнээ хууль шүүхээр дарамтлах явдал цөөнгүй гарсан. Сар хүрэхгүйн хугацаанд шинээр тодрох эрх баригчид энэ асуудал дээр л онцгой анхаараасай! Энэ улсын аль хүнд ачааг үүрч яваа хувийн хэвшлээ хамгаалсан бодлого хэрэгтэй!
Д.Лхагвадорж