Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөн орон нутаг даяар эрчимтэй өрнөж, сонирхох малчдын тоо нэмэгдсээр байна. Харин АН энэ хөдөлгөөний агуулгыг үгүйсгэж, мушгин гуйвуулсан мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж эхлээд байгаа. Үүнийг эсэргүүцэж “Хурдасгуур” төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбат, “Хурдасгуур” төвийн захирал Ё.Азжаргал, Архангай аймгийн Цахир сумын малчин Н.Баяндүүрэн, СДМЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Мандхай, Сэлэнгэ аймгийн Жавхлант багийн “Бумбат таван богд” хоршооны захирал Т.Ууганцэцэг, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Төрболд нар оролцож тодруулга, тайлбар хийв.
Ү.Амарбат “Шинэ хоршоо хөдөлгөөн өнгөрсөн нэг сарын хугацаанд улс орон даяар өрнөж байна. Малчид өөрсдийнхөө асуудлыг өөрсдийн гараар, өөрсдөө хамтран шийдвэрлэх хамгийн том боломжийг олгож байгаа учраас улс орон даяар өргөн хүрээг хамарч байна. Ченжийн оролцооноос илүү, малчид өөрсдөө анхан шатны боловсруулалт хийх, өөрсдөө нийлүүлэгч болох боломжийг “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр дамжуулан олгож байгаа юм. Шинэ хоршоо хөдөлгөөн бол Монголд байгаа хөрөнгө оруулалтын тэгш эрхийг хангах том бодлого юм. Одоогийн байдлаар банкуудаас олгож буй нийт хөрөнгө оруулалтын зээлийн 80 хувь нь Улаанбаатар хотод гарч байгаа бол үлдсэн 20 хувийн дийлэнх хэсэг нь төв суурин газарт олгогддог. Тэгвэл “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд олгох 5 жилийн хугацаанд, 5 их наяд төгрөгийн дийлэнх хэсгийг сумдад олгох юм. Өөрөөр хэлбэл, энэ хөтөлбөрийн хүрээнд олгох хөрөнгө оруулалтын зээл сумдад, малчдад, мал аж ахуйн салбарт, хөдөө аж ахуйн салбарт очих боломжийг олгож байгаагаараа хүртээмж орон нутагт сайжрах боломж болохоос АН-нхны хэлээд байгаа шиг, өөрсдийнх нь хийж гаршсан шиг “Үнэ тогтворжуулах” хөтөлбөл юмуу, эсвэл их хааныхаа нэрээр бонд босгож мөнгө авчраад Хөгжлийн банканд байршуулж байгаад жилийн гурван хувийн хүүтэй зээлийг хэдэн их наядаар нь хувааж авдаг шиг хөтөлбөр биш. Энэ бол арилжааны банкны эх үүсвэрийг зөв менежментээр малчдадаа хүргэх хөтөлбөр. Зээлийн эцсийн шийдвэрийг дандаа банк гаргана. Үүнд ямар нэг улстөрчийн, эрх мэдэлтний оролцоо байхгүй. Хоёрдугаарт, энэ хөтөлбөрийн хүрээнд малын бэлчээрийн газрыг огт хөндөхгүй. Малчид тэжээл тарих тодорхой газар олгооч гэдэг хүсэлт тавьдаг. Хоршооны гишүүдэд тухайн суманд багахан хэмжээний газрыг тэжээл тарих зорилгоор авах юм. Ингэснээр ченжүүдийн хэлсэн үнээр тэжээл авдаг явдал үгүй болно” гэлээ.
Тэрбээр мөн “АН-ын нэр бүхий хүмүүс малчдыг зээл ашиглах чадваргүй гэж доромжилж байгаатай санаа нийлэхгүй. Малчдыг битгий доромжил. Хөдөөг огт мэддэггүй, малчдын зовлонг ойлгодоггүй, өнөөдрийн байгаа эдийн засгийн тогтолцооны талаар төсөөлөлгүй хүмүүс Шинэ хоршоо хөдөлгөөнийг гутааж байна” гэв.