АН-ын дарга Л.Гантөмөр өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Ялагдаагүй Ерөнхийлөгч гэж бидний үзэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дэвшүүлсэн. Монголд үйлдвэрлэл бий болгохгүй бол болохгүй гэдэг үүднээс үйлдвэрлэгч, инженерүүдийг дэвшүүлж байгаа. Хэлмэгдсэн Ерөнхий сайд гэж бид Н.Алтанхуягийг хэлдэг. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дэвшүүлсэн. Ард түмэн шинэ залуу, нэр цэвэр улстөрчийг хүлээж байгаа. Энэ хүлээлтэд хариу болгож бид хуучин улстөрчид болон төр засагт ажиллаж байсан хүмүүсээ хойш нь суулгасан” хэмээн онцолсон.
Гэхдээ түүний энэ байр суурь өөрийг нь намын дарга болоход гол түлхэц үзүүлсэн Ц.Элбэгдоржид таалагдахгүй нь ойлгомжтой. Учир нь Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр бол Ц.Элбэгдоржтой туйлын таарамж муутай улстөрчид шүү дээ. Тэдний зөрчил нэлээд олон жилийн өмнөөс эхлэлтэйг улстөрийн хүрээнийхэн төдийгүй түмэн олон мэдэхийн дээдээр мэднэ.
Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Ерөнхий прокурорт хандаж байлаа. Дараа нь сул иргэн болсон үедээ ч Ц.Элбэгдоржтой олон зүйл дээр санаа нэгдэхгүй учраас зам салсан гэдгээ нуугаагүй. Ялангуяа Тавантолгойг 100 жилээр Хятадуудад өгөхийг санаархсан хүнтэй найзлаж нөхөрлөх аргагүй гэж байв.
Л.Гантөмөр намын даргын хувьд Н.Алтанхуягийг хэлмэгдсэн гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хэрэв тийм бол хэлмэгдүүлсэн эзэн нь Ц.Элбэгдорж гэгддэг. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийн талын хэд хэдэн хүн шүүхээр ял шийтгүүлсэн. Н.Алтанхуягийг огцруулж оронд нь Ч.Сайханбилэгийг хэн Ерөнхий сайдад залсныг ч ард иргэд мэднэ. Н.Алтанхуяг үгээр нь хөдлөхгүй байсан учраас огцруулсан бөгөөд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа Монгол ашигггүй Дубайн гэрээг үзэглэсэн гэж улстөрд нөлөөтэй эрхэмүүд тайлбарласаар ирсэн.
“Шударга бусын хонгил” гэдэг нэр томьёог анх гаргаж ирсэн хүн бол Н.Алтанхуяг. Тэрбээр 2016 оны 4 сарын 04-нд “Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл түүний байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж” хэмээн зоригтойгоор нэр цохож байв.
2020 оны сүүлчээр Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил баримтат номоо дуусгах гээд л үзээд байна. Хонгилыг зарлаад, хонгилдуулаад, тэмцээд олон жил явлаа. Юм юм л багтаах гэж хичээлээ. Бүгд баримттай” хэмээн твиттер хуудсаараа зарлалаа. Үүнд нь эгдүүцсэн Ц.Элбэгдорж “Энэний ном бичнэ гэж юу байхав. Нохой ч тоож шиншлэхгүй” гэж хариу барьж билээ. Ийм зөрчилтэй хүмүүс нэг намд, нэгэн үзэл санаан дор нэгдэж нийлнэ гэж байх уу? Л.Гантөмөр одоо л өөрийнхөөрөө хөдлөхөөр шийдэв бололтой.
Д.Лхагва