АН-ынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахдаа олон хууль зөрчсөн гэдгийг Үндэсний бодлогын хорооны гишүүд зарлалаа. Тодруулбал, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Төрийн соёрхолт Д.Сосорбарам нарын зүгээс олон нийтэд хандсан юм.
Тэдний хэлж буйгаар АН-ын дүрмийн дагуу “Намын гишүүн бөгөөд Үндэсний бодлогын хорооны гишүүн хүн АН-ыг төлөөлөн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй” гэж заасан байдаг аж. Гэтэл АН-ын Үндэсний бодлогын хорооны байтугай намын гишүүний батлах ч үгүй олон хүнд нэр дэвших, жагсаалтад бичигдэх эрх олгож байгаа нь намын дүрмээ зөрчөөд зогсохгүй Сонгуулийн хуулийг ч давхар зөрчсөн үйлдэл учраас АН-ын албан ёсны гишүүд дэмжигчдийн өмнөөс СЕХ-нд хандаж байгаагаа илэрхийллээ.
Улмаар Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр Улсын Дээд шүүхэд ч давхар хандахаа мэдэгдэв. Дээд шүүхийн хувьд улс төрийн намыг бүртгэж авах, тэдэнтэй холбоотой аливаа маргааныг шийдвэрлэдэг учраас ийнхүү Дээд шүүхэд хандах нь зүйтэй гэж үзжээ. Уг өргөдөл, гомдлыг АН-ын Үндэсний бодлогын хорооны 100 гаруй гишүүн дэмжиж гарын үсэг зурсан бөгөөд АН-ын дарга Л.Гантөмөр тэргүүтэй хүмүүсийн хууль бус олон үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ийнхүү илэрхийлж байгаа ажээ.