Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой дуулан сүүлийн үед үргэлжилж байна. Гэхдээ АНУ-д байгаа тэрбээр Москвагийн даалгавараар намайг дуудаж байгаа учир очихгүй гэсэн утгатай мэдээлэл хийсэн.
Харин хэд хоногийн өмнө экс Ерөнхийлөгч бодлоо өөрчилж байгаа талаараа ээлжит ил захидалдаа цухуйлгажээ. Тэрбээр “Би дуудсан ч, дуудаагүй ч Эх орондоо очих үедээ очно. Хамгийн сүүлд би Монголоос 2023 оны 9 сард ажил албаа гүйцэтгэхээр явсан. Хилийн дээс алхаад найман сар л болж байна. Би нутаг оронтойгоо үргэлж холбоотой. Нутгаа их санадаг. Ойр дотныхон, анд нөхөд, сайн санаатнууд, Монгол гэсэн бүхнийг санадаг. Дахин хэлье, намайг Монгол дуудаж байгаа бол очно. Харин гадны зараалаар дуудаж байгаа бол би бодно. Би одоогоор гадны хатгаасаар намайг оролдож байна гэж харж байна. Надад ингэж бодох хангалттай шалтгаан үндэслэл бий. Намайг улс төрийн зорилгоор яллах гэж байгаа бол би тийм зорилгод үйлчлэхийг буруу гэж үзнэ. Монголоо гэх, эрх чөлөө, энхийг эрхэмлэх, бусдыг гэсэн миний дуу хоолойг дарах гэж, зогсоох гэж ир гэж байгаа бол би тэдний хүссэнээр хөдлөхгүй. Дахин давтан хэлэхэд, би Монголдоо очно. Ажил албаа зохицуулна” хэмээсэн байна.