АН-ын гишүүн, жүжигчин Д.Сосорбарам “Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд нар бол эрийн хуйх. Харин Х.Баттулга бол новш” гэсэн утга бүхий ярилцлага өгсөн байх юм. Д.Сосорбарамын хэлсэн хэлээгүй Ц.Элбэгдоржтой нэгэн дээвэр дор хэзээ ч орохгүй гэдгээ Женко аль хэдийнэ илэрхийлчихсэн шүү дээ. Ерөнхийлөгч байхдаа өмнөх Ерөнхийлөгчөө шалгуулахаар 170 хуудас материалыг Улсын ерөнхий прокурорт өөрийн гараар гардуулан өгч байлаа.
Дараа нь АН-ын даргын сунгаанд оролцож орон нутгаар явж байхдаа Өмнөговийн иргэдэд “Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нар Тавантолгойг Хятадад 100 жилээр эзэмшүүлэх гэж байсан. Би Монголын дайснуудтай найзлаад явж болохгүй биз дээ” хэмээсэн удаатай. Тэгээд бодохоор АН гэдэг дээвэр дор энэ хоёр хүн хэзээ ч нэгдэхгүй болсон нь бараг л үнэн. АН-ын одоогийн удирдлагуудын бүтцийг харвал дийлэнх нь Ц.Элбэгдоржийн талын хүмүүсээс бүрдэж байгаа. Цөөхөн хувийг нь л Х.Баттулгын хүмүүс эзэлнэ. Энэ талаас нь харвал Х.Баттулга мөд жийгдэж магадгүй ч юм шиг. Гэхдээ Х.Баттулга “Би АН-аас гарахгүй. Олон гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг алдахгүй” гэж ярьсан удаатай болохоор тийм амархан байр сууриа тавиад нүүгээд явчихгүй л болов уу. Тэр одоо өөрийнхөө талаас аль болох олон хүнийг нэр дэвшүүлэх шахалт хийж яваа. Л.Гантөмөрийн эсрэг мэдэгдлийг удаа дараа хийж, огцруулах уриалгыг байнга гаргаж явдаг Н.Цэрэнбат, Х.Алтанхуяг, И.Мөнхжаргал нар бол Х.Баттулгын л хүмүүс шүү дээ.
Х.Баттулга нар ямар ч байсан сонгуулийн ард гартал эрсдэлтэй хөдөлгөөн хийхгүй л болов уу. Гэхдээ түүний талын Д.Пүрэвдаваа Либераль ардчилсан нам гээчийг байгуулаад гарсан нь цаанаа том зорилготой нь ойлгомжтой үйлдэл. Юутай ч АН-ын хувьд сонгуулийн дараа олон сонин үзэгдэлтэй учрах нь улстөр гадарладаг хэнд ч тодорхой.
Д.Лхагва