Ц.Сүхбаатар: Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олон шинэ боломж нээгдлээ
УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй 13 гишүүн Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, 2024 оны 05 дугаар сарын нэгний өдөр УИХ-ын даргад өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаатай холбогдуулж Монголын ахмадын холбоо (МАхХ)-ны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.
–Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд МАхХ-ны зүгээс өгсөн саналууд тусгагджээ. Энэ талаар танаас тодруулая? Мэдээж хууль учраас нэг бүрчлэн тайлбарлах боломжгүй. Зөвхөн гол өөрчлөлтүүдээс нь дурдана уу?
-Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулсан бөгөөд УИХ-иар хэлэлцэгдэж байна. Өнгөрөгч оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Шинэ сэргэлт-Ахмадын оролцоо” сэдэвт Үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж, дараа нь Монголын ахмадын холбооны 8 дугаар Их хурал хуралдсаныг хүмүүс санаж байгаа. Уг чуулган, Их хурлаас дэвшүүлсэн зорилтын хүрээнд Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн юм. Үндэсний чуулган дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэхдээ ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хөгжилд ахмад настнуудыг идэвхтэй оролцуулах, хууль эрхзүйн орчныг шинэчлэх, салбар дундын зохицуулалтыг сайжруулахад чиглэсэн суурь судалгаа явуулж ахмад настны холбогдолтой хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал бэлтгэхийг Засгийн газар, холбогдох байгууллагуудад үүрэг болгож өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Ерөнхий сайдын байр суурийг МАхХ-ны 8 дугаар Их хурал дээр сайшаан хүлээн авч Ахмад настны хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд анхаарч үзэх ёстой 20 асуудлыг нэгтгэн УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Үндэсний чуулган, МАхХ-ны Их хурлаас өмнө нийслэл, дүүрэг болон нийт аймаг, сум, байгууллага аж ахуйн нэгжийн дэргэдэх ахмадын байгууллага, ахмадуудаас санал аваад байсан юм. “Хууль ямар өөрчлөлт оруулах вэ?”, “Ахмад настны өмнө тулгамдсан ямар асуудал байна вэ, түүнийг шийдвэрлэх ямар арга зам байна вэ?”, “Хуулийн ямар заалтад ямар санал тусгах вэ?” гэдэг чиглэлүүдээр санал авсан. Үүний үр дүнд 160 гаруй санал ирснээс 20 гаруйг нь хуульд зайлшгүй тусгах асуудал байна гэж үзэж, нэгтгэн дүгнээд УИХ-ын гишүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүргүүлж байлаа. Энэ дагуу МахХ-ны дэргэд Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг сая дурдсан зорилтыг хангах хүрээнд нийтдээ 10 гаруй мэргэжлийн хүмүүс болон УИХ-ын гишүүд, МАхХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг оролцуулан нэлээд шахуу ажилласан. УИХ-ын гишүүн, ТББ-ын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа нар ч мөн судалгаа, дүгнэлт гаргах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг гарган хуулийн фирмээр Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлыг гүйцэтгэсэн. Гол нь МАхХ-ны саналыг тусгаж хамтран ажилласны үр дүнд хуулийн төсөл бэлэн болж УИХ-д өргөн баригдсан юм.
–Ахмад настны халамж үйлчилгээ, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хуульд ямар өөрчлөлт орсон бэ?
-Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа олон асуудлыг онцлон авч үзсэний нэг нь ахмадын эрүүл мэнд юм. Ахмад настныг асруулах эрэлт хэрэгцээ, нөхцөл байдалд үндэслэн өдрөөр, түр, урт хугацаанд байрлуулан асрах, байнга асрах, төрөлжсөн асрамжийн газар, асралт гэр бүлээр асруулах, гэрээр асрах зэрэг бусад шаардлагатай үйлчилгээг иргэн, аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан эсвэл хамтран төлбөртэй, төлбөрийн хөнгөлөлттэй, төлбөргүй үйчилгээний нөхцлийг нэлээд тодруулж хуулийн төсөлд тусгасан. Ахмад настны үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтны онол аргазүйг мэргэжлийн хувьд удирдан чиглүүлэх, зөвлөн туслах, чиглүүлэх хөгжүүлэх үйл ажиллагааг хуульд тусгай зүйл болгон авч үзсэнд талархаж байна. Ахмад настны тусламж үйлчилгээнд хэд хэдэн шинэ төрлүүдийг, тухайлбал, Ахмад настны хөгжлийг дэмжих үйлчилгээ, Ахмад настны дасгал хөдөлгөөн, эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих үйлчилгээ, Ахмад настанд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ гэсэн шинэ төрлүүдийг нэмж оруулжээ. Энэ нь одоо мөрдөгдөж байгаа хуулийн 7 дугаар зүйлд байгаа үйлчилгээний төрлүүд дээр шинээр нэмэгдэж байгаа заалт юм.
Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум хорооны нийгмийн ажилтан болон өрх, сум тосгоны бага эмч нь байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байгаа иргэний эрүүл мэнд, ачааллыг үнэлэн шаардлагатай бол тэднийг түр амраах, асруулагч ахмад настныг түр асрах төв, өдрийн асаргааны төв, сувилахуйн төвд түр байрлуулах, эрүүл мэндийн үйлчилгээ, хөнгөвчлөх эмчилгээнд хамруулах, эсвэл гэр бүлийн бусад гишүүдийн асрамжинд шилжүүлэх талаар гэр бүлийн гишүүдтэй зөвшилцөн шийдвэрлэх тухай ийм заалтыг хуульд нэмж өгсөн. Энэ бол ахмад настнаа асран хамгаалах, ялангуяа асаргаа сувилгаа шаардлагатай ахмадуудыг асран хамгаалах хууль эрхзүйн нөхцлийг бүрдүүлж өгсөн чухал заалт юм. Түүнээс гадна хөл, гар, шүдний протез, сонсгол харааны эрхтний хэрэгсэл, тэргэнцэр зэрэг нэн шаардлагатай тусгай хэрэгсэл худалдан авсан зардлын үнийн хөнгөлөлтийг 3 жилд нэг удаа эрүүл мэндийн даатгалын сангаас олгоно гэж тодруулан зааж өгсөн байна. Өмнө нь 5 жил байсан юм.
-Ахмадын байгууллагын үйл ажиллагаа явуулдаг барилгын урсгал зардлын асуудлыг бас шийдэж өгсөн гэсэн?
-Ахмад настанд үйлчилгээ үзүүлж байгаа Ахмадын өргөө, Ахмадын хөгжлийн төв, Ахмадын сэргээн засах төв, Идэвхтэй насжилтыг дэмжих төв болон дасгалын клуб, зэрэг ахмадад үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын үйл ажиллагаагаа явуулдаг барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардлыг орон нутгийн төсвөөс гэрээний үндсэн дээр санхүүжилнэ гэдэг заалтыг шинээр тусгасан нь ач холбогдолтой. Ахмадын барилга байгууламж, өрөө танхим гэсэн явцуу хүрээнд байгааг өргөжүүлж илүү өргөн хүрээтэй үйлчилгээний төв болгоно гэсэн үг.
-Ахмадын хөдөлмөр эрхлэлтийн талаар нэлээд нарийн заалтыг хуулийн төсөлд тусгаж өгсөн гэсэн. Яг ямар тодорхой заалт нэмэлтээр орсон бол?
-Засгийн газрын байгууллагууд, яам тусгай газруудад ахмад настны хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар гурван төрлийн арга хэмжээ авахыг хуулийн төслөөр тодотгож өгсөн. Нэгдүгээрт, хөдөлмөрийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд ахмад настныг боловсролын байгууллагуудад ажиллуулах, насан туршийн боловсрол олгох чиглэлээр ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, хоёрдугаарт, хөдөлмөрийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран идэвхтэй насжилтыг дэмжих болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ахмад настны эрүүл мэндийн байгууллагад ажиллах боломжийг бүрдүүлэх хөтөлбөр боловсруулах, гуравдугаарт, хөдөлмөрийн, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, байгаль орчин, аялал жуулчлалын зэрэг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтраад үйлдвэржилтийг эрчимжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх болон бусад чиглэлээр УИХ-аар баталсан үндэсний хэмжээний бодлого, стартегийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ахмад настныг хувиараа хөдөлмөр эрхлэх, өрхийн аж ахуйн эрхлэхэд техник, технологи хөрөнгө санхүүгээр дэмжих хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг хуулийн төсөлд зааж өгсөн. Мөн ахмад настан хөдөлмөр эрхлэвэл цалин хөлсийг хэрхэн шийдвэрлэхийг ч хуульд тодорхой тусгасан.
Тухайлбал, ажил хийж байгаа тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй байж болно гэсэн заалтыг оруулсан. Мөн тэтгэвэрт гарсан ахмад настны мэргэжил ур чадварыг харгалзан төрийн албанд ажиллуулах боломжийг хуулийн төсөлд тусгасан. Түүнээс гадна аж ахуйн нэгж байгууллага нь ахмад насанд хүрсэн хүнийг өөрөө хүсэлтээ гаргаагүй байхад нь тэтгэвэрт гарахыг шаардах, хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглох заалтыг оруулж өгсөн нь уг хуулийн нэгэн давуу тал юм. 60 хүрэнгүүт нь ажлын байрнаас нь шахаж гаргах, гэнэт тэтгэврийн хүн болгож сэтгэл санааг нь унагах, ганцаардуулах нөхцөл бий болгож байсан буруу жишгийг өөрчлөх боломж хуулиар нээгдэж байна.
Бидний нэн олзуурхаж байгаа өөр нэгэн заалт гэвэл “Өмчийн бүх хэлбэрээс үл хамаарч 50-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж байгууллага нийт ажлын байрныхаа 2-оос доошгүй орон тоонд ахмад настныг хөдөлмөрийн хүнд хортой нөхцлөөс бусад ажлын байранд ажиллуулж болно” гэсэн заалтыг хуульд нэмж оруулсан явдал юм. Ингэснээр 50-аас дээш ажилтантай байгууллага болгон хуулийн дагуу ахмад настныг авч ажиллуулна гэсэн үг шүү дээ.
Мөн ахмад настанд орчин үеийн шинэ техник хэрэгсэлийн мэдлэг эзэмшүүлэх, тэднийг цахим орчинд ажиллуулж сургах, нийгэм олон нийтийн хөгжлөөс хоцроохгүй байх чиглэлээр соёл урлаг, хэвлэл мэдээлэл болон танин мэдэхүй, гар урлал зэрэг төрлүүдээр сонирхолын клуб, бүлэг байгуулж ажиллуулахыг дэмжихээр тусгасан. Өөрөөр хэлбэл, ахмад настанд үзүүлэх үйлчилгээний хэлбэрийг өргөжүүлж байна гэсэн үг.
Энэ дашрамд дурдахад Монгол Улс “Ахмадын 7 хоног” гэсэн өдрүүдтэй болж байгаа. Ахмад настны өдрийг Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоолд заасны дагуу жил бүрийн 10 дугаар сарын 1-нд тэмдэглэж хэвшсэн бол үүнийг улам боловсронгуй болгох үүднээс “Ахмадын 7 хоног”-ийг хуульчилж өглөө. Энэ дагуу бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж байгууллагууд, төрийн ба төрийн бус байгууллагууд жил бүрийн 10.01-10.07-ны өдрүүдэд ахмадууддаа нийцсэн зорилтот тодорхой арга хэмжээ зохион байгуулах юм. Ийм л зорилгоор “Ахмадын 7 хоног” хэмээх өдрийг бүр хуульчилж өгсөн гэсэн үг. Мэдээж бүтэн 7 хоногийн хугацаад ахмадууд руу чиглэсэн үйл ажиллагаа зохиогдоно. Энэ утгаараа ач холбогдолтой.
–Ахмадын сангийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаар гомдол санал их бий. Энэ асуудлыг цэгцлэх талаар хууль ямар зүйл заалт шинээр орсон бэ?
-Үндэсний чуулган, МАхХ-ны их хурал дээр Ахмадын сангийн тухай хууль хэрэгжихгүй, Засгийн газрын тогтоолын биелэлт хангалтгүй байгааг ахмадууд нэлээд шүүмжилж байсан. Үүнийг тодорхой болгох, аж ахуй нэгж байгууллагын хүлээх үүргийг дээшлүүлэх зорилгоор “Аж ахуйн нэгж байгууллага нь ахмадын сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байдал мөнгөн хөрөнгийг зарцуулалтын талаар жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор харьяалах дээд байгууллагадаа тайлагнаж хамт олондоо мэдээлнэ” гэсэн заалт оруулсан. Энэ заалтаар Ахмадын сан байгуулах, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн зэрэг энэ бүх асуудлаа холбогдох байгууллагадаа тайлагнадаг, ил тод сурталчилдаг болох юм. Ахмадын сан байгуулаагүй төсөв захирагчдад байгуулбал зохих ахмадын сангийн дүнгийн 0,3 хувиар торгууль оногдуулж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцно гэсэн заалт оруулсан нь хуульд заасан ахмадын сан байгуулах журмыг хэрэгжүүлэх ажлыг хариуцлагын хувьд сайжруулах зорилготой юм.
Түүнээс гадна Ахмад настны нийгмийн болон хөдөлмөрийн харилцаан дээр гардаг ялгаварлал, үл хайхрах, хүчирхийлэх дарамтаас урьдчилан сэргийлэх, хамгаалах таслан зогсоох, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хууль зүйн, хөдөлмөр халамжийн, боловсролын, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хяналтын нэгжүүд, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ гэсэн заалт орж байгааг чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
-Ахмадын байгууллагын үйл ажиллагааны талаар ямар өөрчлөлт шинэ хуульд тусгагдсан бол?
-Ахмадын байгууллагын хүлээх үүрэг, гүйцэтгэх ажлын чиг үүргийг хуульд нэлээд тодруулж өгсөн. Ахмадын байгууллага нь Засгийн газар, бүх шатны Засаг дарга нартай ямар ажлын нөхцөлөөр гэрээ байгуулж ажиллах, хэрхэн санхүүжилт авах талаар дэлгэрэнгүй зааж өгсөн нь ахмадын төв, орон нутгийн байгууллагын санхүүгийн чадавхийг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдол юм. Мөн тодорхой ажил үүргийг төрийн нэрийн өмнөөс гүйцэтгэх, үйл ажиллаагааны чанарыг дээшлүүлэхэд чухал үр нөлөө үзүүлэх шийдвэр болж чадлаа.
Ер нь ахмадын байгууллагуудын гүйцэтгэх чиг үүргийг нэлээд тодруулж өгсөн. Тухайлбал, ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжид санал өгөх, хэрэгжилтэд санал дүгнэлт хийх, хяналт тавих, хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх, ахмадын мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, дүгнэлт гаргах, ахмадын байгууллага нь ахмад настны асрамж сувиллын үйлчилгээний байгууллагуудыг магадлан итгэмжлэх зөвлөл, хүний эрхийн иргэний зөвлөл, амьжиргаа дэмжих зөвлөл, хохирогчдын нөхцөл аюулгүй байдлыг үнэлгээнд зэрэглэл тогтоох ажлын хэсэгт төлөөллөө оролцуулах, ахмадын хөдөлмөр эрхэлтийг дэмжих зорилго бүхий төсөл, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ зэрэгт зориулагдах төсвийн санхүүжилтийг ахмадын байгууллагад шилжүүлэн гүйцэтгүүлэх, ахмадын байгууллагын гэрээгээр гүйцэтгэж байгаа төсөл арга хэмжээ, тэдний хэрэгжилт санхүүжилтийн байдал ил тод нээлттэй байхыг хуульчлан зааж өгсөнд хуулийн давуу тал юм.
“Ахмадын байгууллагын бүтэц нь ахмад настны олонхийн нийтлэг эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалж нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг өөрөө удирдах ёсны зарчимтай, бүх төрлийн татвараас чөлөөлөгдсөн төрийн бус байгууллага (Монголын ахмадын холбоо) аймаг, нийслэл, сум дүүрэг, баг хороо аж ахуйн нэгж байгууллагын ахмадын хороо зөвлөл (цаашид ахмадын байгууллага гэх)-өөс бүрдэнэ. Ахмадын төв байгууллагын үндсэн ажлын цалин, тогтмол болон үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс, орон нутгийн ахмадын байгууллагын зардлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн төсвөөс, аж ахуйн нэгж байгууллагын ахмадын хороо зөвлөлийн зардлыг тухайн байгууллагын төсөв орлогоос тус тус санхүүжүүлнэ” гэж заасан нь ахмадын байгууллагыг бэхжүүлэхэд чиглэсэн маш чухал заалт болсон гэж үзэж байна.
Д.Лхагвадорж