Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн ногоон автобуснууд нь капитал засварт орсон хуучин автобус байсан нь тодорхой болсон. Энэ асуудал УИХ, Засгийн газрын хэмжээнд очиж УИХ-ын дэргэд хянан шалгах түр хороо байгуулах хэмжээнд хүрсэн билээ.
Гишүүдийн ирц хүрэхгүй байгаагаас болж нээлттэй сонсгол товлосон цагаасаа хойшилсоор ирсэн. Харин ирэх 7 хоногт нээлттэй сонсголын чимээ сонсогдож эхэллээ. Цавчаа ногооны хэргийг шалгах УИХ дахь түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ талаар мэдээлэл өгөхдөө “Хянан шалгах түр хорооноос гурван тогтоол баталлаа. Эхнийх нь түр хорооноос зохион байгуулах сонсголыг энэ сарыг 21-22-нд буюу хоёр өдөр хийнэ. Энэ сонсголоор гурван бүлэг асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн давхардсан тоогоор 98 гэрч оролцуулахаар тогтсон. Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,Улаанбаатар хотын авто замын түгжрэл бууруулах үндэсний хорооны дарга асан Ц.Батгэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, НЗДТГ-ын төрийн захиргааны хэлтсийн дарга Ү.Ганболд, НЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар, мөн, Нийслэлийн Нийтийн Тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар, Д.Энхсайхан болон “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ц.Болортуяа нарын хүмүүс оролцоно” гэлээ.
С.Бат