Түгжрэл ихтэйгээс хүмүүст алхахаас өөр сонголт үлдсэнгүй. Тэгээд ч урин дулааны улирал эхэлсэн болохоор тааваараа алхах сонирхолтой иргэд ч байна. Харамсалтай нь улаанбаатарын нөхцөл байдал өмнөх жилүүдийнхээс эрс өөрчлөгдөж, эрсдэл нэмэгджээ.
Хаа сайгүй дугуй унаж ухаан мэдрэлгүй давхилдсан хүүхэд, залуус…Дээр нь цахилгаан дугуй гэдэг аюул бодитой эрсдэл үүсгэж байна. Бас скүүтэрийн хэрэглээ ялангуяа хүүхэд, настайчуудын эрүүл мэнд, амь насанд заналхийлж эхэллээ. Хотод дугуйн зам гэхээр орчин ховор болохоор дугуйчид, скүүтэрчид явган хүний замаар хээр хөдөө явж байгаа юм шиг баримжаагүй давхиж байгаад хэн хүнгүй анхаарал хандуулахгүй бол таныг, таны хүүхдийг өнөөдөр биш ч маргааш том аюул хүлээж байна!
Европын өндөр хөгжилтэй орнуудад скүүтэрийг хориглоод байхад манайд л мөнгө олох хэрэгсэл болж, үр дагавар нь гэмгүй иргэдэд түгшүүр төрүүлэх хэмжээнд хүрээд байна. Хамгийн аюултай нь хар хурдаараа давхилдсан ойворгон залуус хүн мөргөж унагачихаад босгож өгөөд эмч дуудах нь бүү хэл зугатааж байгааг яаж ойлгох вэ? Цагдаагийн байгууллага үүнд онцгой анхаарал хандуулах цаг хэдийнэ болоод байна. Зуны улирал дөнгөж эхэлж байна. Хүүхэд багачуудын амралт удахгүй эхэллээ!
Д.Лхагва