Сүүлийн үед архидалт мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа нь нүдээ ил байна. Өглөө, оройгүй халамцуу согтуу залуус, хүүхнүүд хаа сайгүй харагдах боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид электрон тамхи татаж, архи, пиво уусан шиг орцонд сууж байдаг болжээ.
Тэдэнд бусдаас айх, санаа зовох мэдрэмж байхгүй болтлоо хүмүүжил нь эвдэрлээ гэж үү? Эцэг, эх нь яагаад үр хүүхдүүддээ анхаарал тавихгүй байна вэ? Зарим эцэг, эхчүүд өөрсдөө төлөвшөөгүй, хүмүүжлийн дутагдалтай болохоор яаж хүүхдээ хүмүүжүүлж чадах билээ?
15 дугаар хороолол, Жуковын талбай архичдын талбай болоод удаж байна. Дүүрэг, хорооны цагдаа яаралтай арга хэмжээ авахгүй бол тухай бүс нутгийн иргэдийн амгалан тайван байдал алдагдаж байна шүү! Хамгийн гол нь хэсэг бүлгээрээ нийлсэн архины хамааралтай хүмүүс хоорондоо зодолдох, бусдыг дээрэмдэх, эрх чөлөөнд нь халдах, ил задгай бие засах, архины шилээ хагалах, эвдэн сүйтгэх зэрэг гэмт хэрэг хийж байна!
Д.Дорж