2019 оны 1 дүгээр сарын 18-нд Дорноговь аймагт Хөдөлмөр эрхлэгч ахмадуудын III чуулган Сайншанд хотын “Саран хөхөө” театрт амжилттай болж өндөрлөлөө. Аймгийн ахмадын хорооноос санаачлан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан уг арга хэмжээ хөдөлмөр эрхэлж байгаа ахмадуудад туслах “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний” төсөл болон бусад төсөл, хөтөлбөрүүдэд хамруулахад дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх зорилготой аж. Чуулганд 14 сумын нийт 290 ахмад настан хамрагдаж хөдөлмөр эрхлэхэд тулгарч буй бэрхшээл, үүнээс гарах гарцын талаар ярилцав. Ахмад настны тухай хуулийн холбогдох заалтын дагуу сум, аж ахуйн нэгж, байгууллага бүр ахмадын сантай болсон бөгөөд уг сангаас чуулганы зардлыг санхүүжүүлжээ.
Чуулганд аймгийн Ахмадын хорооны дарга С.Ичинхорлоо “Ахмад настны хөгжил хамгаалал”, аймгийн ХХҮГ-ын хэлтсийн дарга Г.Эрдэнэмөнх “Хөдөлмөр эрхлэгч ахмадуудын талаарх төрийн бодлого, аймагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, үр дүн”, аймгийн Эрүүл мэндийн газрын ЭМТ-ийн дарга Б.Амаржаргал “Настны эрүүл мэнд, эрүүл насжилт”, аймгийн ХХҮГ-ын НХХ-ийн дарга Ч.Долгормаа “Ахмад настны нийгмийн халамжийн талаарх төрийн бодлого, аймагт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, үр дүн”, Монгол Улсын гавьяат багш Д.Нямхүү “Ахмад хүн өөрөө өөртөө эмч. Инээмсэглэлийн ид шид”, багш Ц.Чойбаатар “Хүн өөрөө өөрийгөө таньж, энергийн хүчийг авахуй” сэдэвт сонирхолтой лекцийг тус тус уншлаа.
Аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ч.Байгальтуяа, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр нар оролцож чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд өнгөрсөн онд ахмадуудын талаар хийсэн ажлууд болон “Гэр бүлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан юм. Мөн 2019 онд ахмадуудынхаа ажиллах нөхцөлийг хангах, шаардлагатай сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудлыг үе шаттайгаар шийдэж, орон нутгаас дэмжиж ажиллахаар болсныг мэдээллээ.
Чуулганы үеэр аймгийн ИТХ-ын даргын “Өргөмжлөл”-өөр хоёр, аймгийн Засаг даргын “Өргөмжлөл“-өөр 10, МахХ-ны Хүндэт тэмдгээр нэг, аймгийн Ахмадын хорооны медалиар 22 ахмадыг тус тус шагнав. Мөн аймгийн Ахмадын хороо 2018 оны ажлаа дүгнэж ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн шилдгүүддээ шагнал гардуулсан бөгөөд Иххэт сумын Ахмадын хороо нэгдүгээр байр, Мандах сумын Ахмадын хороо хоёрдугаар байр, Сайншанд сумын Ахмадын хороо гуравдугаар байр, Айраг сумын Ахмадын хороо тусгай байрыг тус тус эзэлж Өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэв. Улаанбаатар хотоос ахмадын “Дөрвөн цаг’ хамтлаг хүрэлцэн ирж чуулганы төлөөлөгчдөд тоглолтоо сонирхуулсан нь ахмадуудын талархалыг ихэд хүлээв. Чуулганы албан ёсны хурлын үйл ажиллагаа өндөрлөсний дараа төлөөлөгчдөд зориулсан Үдшийн цэнгүүн болж, сум бүрээс урлаг соёлын мэндчилгээ дэвшүүлж нэгэн үдшийг хөгжилдөн өнгөрөөв.
Цэнгээнт бүжгийн хосууд Аймгийн ахмад чавх харваачид
1 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд аймгийн Хүүхдийн ордонд “Цагаан сар” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ахмад настнууд, малчид оролцсон юм. Энэ үеэр нэг хөдөлмөр эрхлэгч ахмадыг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Өргөмжлөл мөнгөн шагналаар урамшуулсан юм. Дашрамд дурдахад тус аймгийн хэмжээнд нийт 5487 ахмад настан байгаагаас 1757 нь буюу 32 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэгч ахмадуудын дийлэнх нь малчид байгаа нь аймгийн эдийн засгийг хөгжүүлэх тэргүүлэх гурван чиглэлийн нэг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байгаа гэж албаныхан онцлов. Өнгөрсөн жилүүдэд орон нутгаас аймгийн Ахмадын хороогоо байртай болгосон, Ахмадын хорооны дэргэд эрүүл мэндийн “Энэрэл’ төвийг байгуулсан гээд олон ажил хийжээ. Мөн 2018 онд “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 21 байгууллагын саналыг хүлээн авч 45 ахмад мэргэжилтний төслийг шалгаруулан гэрээ байгуулж, 17.0 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.
С.Ичинхорлоо: Чуулганы цар хүрээ, ач холбогдол жил ирэх бүр нэмэгдэж байна
Уг арга хэмжээний дараа аймгийн Ахмадын хорооны дарга С.Ичинхорлоотой ярилцлаа.
–Аймгийн Ахмадын хорооны санаачилгаар Хөдөлмөр эрхлэгч ахмадуудын 3 дугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг зохион байгуулах болсон шалтгаан нь юу вэ?
-Яагаад хөдөлмөр эрхлэгч ахмадуудын чуулган гэж онцгойлон хийх болсон бэ гэвэл хөдөлмөр эрхэлдэг ахмадууд маань цаг зав муутайгаас ахмадын үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй. Тийм учир тэдэндээ тусгайлан зориулсан чуулганы арга хэмжээг жил болгон хийж хэвших зорилгоор 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Энэ жилд 300 орчим хүн оролцлоо. Сум бүрээс 5-10 төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Анхны чуулганаа 2016 онд хийхэд 30 хүн оролцож байсан юм. Үүнээс харвал манай чуулганы цар хүрээ, ач холбогдол жил бүр нэмэгдэж байна гэсэн үг.
-Аливаа үйл ажиллагаа үр дүнгээ тооцдог. Чуулганаас ямар гол шийдвэр гардаг вэ?
-Өмнөх хоёр чуулганаас таван зүйл бүхий уриалга гаргасан. Ер нь жил бүр уриалга гаргаж, түүнийхээ биелэлтийг дүгнэж байх зорилготой. Анхны чуулганы уриалгыг даавуун самбар дээр хийж сум болгонд гардуулж байлаа. Хоёрдугаар чуулганаараа өмнөх чуулганыхаа уриалгыг дүгнээд дахиад 5 зүйлтэй уриалга гаргасан. Өнөөдөр 2018 оны уриалгаа дүгнээд, 2019 оны уриалгаа дэвшүүлж хэлэлцүүллээ. Ирэх оны чуулганаар өнөөдөр гаргасан уриалгынхаа үр дүнг хэлэлцэнэ гэсэн үг. Ер нь цааш цаашдаа ийм зарчмаар явах юм.
-Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ Ахмадын байгууллагынхаа, ахмадуудаа сайн дэмжиж ажилладаг гэж чуулганы төлөөлөгч ахмадууд онцолж ярилаа. Энэ талаар таны байр суурийг сонсоё?
-Аймаг, орон нутгаас Ахмадын хорооны ажлыг хангалттай сайн дэмждэг. Би хувьдаа Ахмад настны тухай хууль гарснаас хойш ахмадуудад үзүүлэх төрийн бодлого их өөрчлөгдсөн гэж боддог. Манай аймгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр Иргэдийн хөгжлийн төв байгуулагдан ажиллаж байна. Энэ төвөөр өдөрт 40-50 хүн байнга үйлчлүүлдэг. Аймгийн дарга нар Ахмадын хорооноос зохион байгуулж буй бүх арга хэмжээнд идэвхтэй оролцдог. Нэг жишээ татахад л Ахмад настны тухай хуульд онцгойлон тусгагдсан Ахмадын сантай холбоотой асуудлаар аймгийн Засаг даргын захирамж гарсан. Засаг дарга сум болгонтой, байгууллага болгонтой үр дүнгийн гэрээ байгуулж, түүндээ Ахмадын сан байгуулах тухай заалт тусгасан. Энэ их зөв шийдвэр болж, байгууллага, аж ахуйн нэгж болгон дэргэдээ Ахмадын сан байгуулж байгаа. Хөдөлмөр эрхлэгч ахмадуудын чуулганд зарцуулагдсан зардал ч сангаас гарсан. Энэ мэт ахмад настанд ээлтэй олон нааштай бодлого, үйл ажиллагаа манай аймагт хэрэгжиж байна.
–Ахмад настны тухай хуулийн хэрэгжилт Дорноговь аймагт сайн байгаа гэж ойлголоо?
-Хуулийн хэрэгжилт сайн байгаа. Ахмадын байр өргөөгүй сум ховор. Аймгийн 14 сумын 8 нь ахмадын өргөөтэй, үлдсэн 6 нь өргөөгүй ч гэсэн өөрийн гэсэн танхимтай. Түүгээрээ дамжуулж бид өдрийн үйлчилгээг ахмадууддаа хүртээж хэвшүүлнэ гэж бодож байгаа. Ер нь нэлээд олон сумын Ахмадын хороо чийрэгжүүлэлтийн танхимтай болсон. Түүгээрээ дамжуулж ахмадуудад үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон гэж ойлгож болно. Тухайлбал, аймгийн Ахмадын хорооны байранд маань эмчилгээний, чийрэгжүүлэлтийн танхим бий. Тэтгэвэртээ гарсан эмч, сувилагч маань ахмадууддаа үзлэг, бариа засал хийдэг. Манайд бас ахмадуудын чөлөөт цагийг зөв боловсон, ая тухтай өнгөрөөх өрөө танхимууд бий. Нэг өрөөнд нь шатар даам тоглож, сургалт хийж байхад нөгөө танхимд маань чавх харваачид тэмцээн зохиож, дасгал сургуулилт хийж байдаг. Байнга өндөр настнууд бужигнаж өнждөг их хөлийн газар шүү дээ. Орон нутгийн удирдлагууд болоод байгууллага, аж ахуйн нэгжийн дэмжлэг ийм ахуй нөхцлийг бүрдүүлэхэд ихээхэн нөлөөлсөн.
-Дорноговь аймгуудын ахмадуудын өмнө тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Монголын нийт ахмадуудад тулгамдаж байгаа асуудал манай аймгийн ахмадуудад ч бий. Тэр нь тэтгэврийн зээл. Нийт ахмадын 90 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй.
–Ахмадуудаас байнга тавьдаг ямар санал гомдол байдаг вэ?
-Ахмадууд маань протез, ортипезийн төлбөрийг тухайн байгууллагад нь шууд шилжүүлдэг тогтолцоотой болгож өгөөч гэдэг санал хэлдэг. Өөрөөр хэлбэл, төлбөрийг ахмадууд өөрсдөө биш Халамжийн сангаас шилжүүлдэг болгох санал их ирдэг юм. Одоо бол ахмад настан эхлээд төлбөрөө өөрөө төлж, дараа нь Халамжийн сангаас буцааж авдаг систем үйлчлээд байгаа шүү дээ. Үүнийг л өөрчилж өгөөч гэдэг хүсэлт их ирдэг дээ.
Д.Лхагвадорж