“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг. “Зан сайтай айлд хүн бүхэн, замаг сайтай нууранд шувуу бүхэн цугладаг” гэдэг үг ч бий. Бас “Нэр хугарахаар яс хугар” гэдэг эцэг өвгөдийн алтан сургаалийг сануулах минь. Өнөөдөр эдгээр зүйр үгийн үнэ цэнэ монголчуудад илүү хамаатай болоод байна. Бидний ааш араншин, зан төлөв, харилцаа хандлага, үзэл бодол даанч дээ гэмээр болжээ. Цөөхүүлээ байж хэдэн адгуус араатан хашчихсан мэт уралцана.
Нэг л их ууртай, догшин хүмүүс. Хөгшин, залуу, хөдөө, хотын гэлтгүй ёс суртахуун, зан төлөв, сэтгэлгээний доройтолд оржээ. Фейсбүүктээ баримжаагүй солиордог шигээ нийгмийн харилцаанд эрүүл бусаар орж байгаагаас бүх зүйл утгаа алдаж эхэллээ.
Жуулчдыг татна л гээд байдаг. Улаанбаатарын, улаанбаатарчуудын байж байгаа царайнаас харвал гадаадаас ирсэн хүмүүс үргэхээр л санагдах юм. Тээврийн цагдаа замын хөдөлгөөнийг зохицуулж байхад зэрлэг балмад авиртай жолооч нар галзуу араатан мэт уурсаж сигналаа байдгаар нь чарлуулна. Төв шуудангийн гэрлэн дохион дээр зогсч байсан хэдэн Япон хүн толгой сэгсэрч харагдана лээ.
Хаа тааралдсан газраа хогоо чулуудна, нус цэрээ дуртай газраа хаяна, байшингийн булан, тохой, олон нийтийн газарт нохой шиг сарина, шаардлага тавьсан нэгэн рүү элий балай мэт үсчинэ. Олон нийтийн газарт ичиж, айх мэдрэмжээ алдсан агай хүүхнүүд, шалчигнасан эрчүүд бүдүүлгээ гайхуулах мэт хоорондоо хэрэлдэнэ, бас уралцана. Суурин соёл иргэншлийн бичигдсэн болон бичигдээгүй хууль дүрэм, зарчмийг мэдэхгүй бүдүүлгийн туйл хүмүүс энэ хотыг, цаашилбал Монгол Улсыг муухай харагдуулах үйлдэл хийж байгаагаа ухаарахгүй нь гачлантай. Батаа, Дорж, Цэцгээ, Дулмаа гэдэг хувь хүнийг биш энэ улсыг л муугаар ярина ш дээ!
Зүүн өмнөд Азийн орнууд аялал жуулчлалын салбарынхаа хүчээр нүдэнд дээр хөгжиж байна. Ядаж л үйлчилгээний салбарынхан нь, худалдаа наймаа эрхлэгчид нь хүн татах эрдэмд гайхалтай хурдан суралцжээ. Манайд болохоор хөмсөг зангидсан, хүйтэн царайтай эмс охид худалдаа, үйлчилгээний салбарын менежментийг унагаж байгаа нь нууц биш. “Инээмсэглэж чадахгүй бол наймаа бүү хий” гэдэг нь дүрэм журам биш зүгээр л бизнесийн алтан зарчим шүү дээ. Аливаа бизнес харилцаан дээр суурилдаг гэдгийг ойлгохгүйгээр шат ахихгүй л болов уу. Ер нь бидний араншин нэр л биш ээ. Сэтгэлгээний ч гэнэ үү, соёлын ч гэнэ үү ямар ч байсан нэг хувьсгал хийе.
Д.Лхагвадорж