2024 оны эхний 4 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 9363.3 сая ам.доллар болж 2023 оны мөн үеэс 619.1 сая ам.доллар буюу 8.0 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1510.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.
Экспортод 4937.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 4407.2 сая ам.доллар буюу 89.3 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 296.1 сая ам.доллар буюу 6.0 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 47.4 сая ам. доллар буюу 1.0 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлж байна. 2024 оны эхний 4 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувийг БНХАУ-д; үхэр адууны боловсруулсан ширний 87.4 хувийг БНХАУ-д, самнасан ноолуурын 77.4 хувийг Италид; ямааны угаасан ноолуурыг 98.6 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.0 хувийг эзэлж байна.
Монгол улс дэлхийн 57 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.3 хувь, Швейцар-т 5.9 хувь, ОХУ-д 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын 98.0 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Импортоор нийт 3426.2 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2023 оны мөн үеэс 765.9 сая ам.доллараар буюу 28.8 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 96.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.8 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 1.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.3 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.3 хувийг төлбөрт зориулсан бараа эзэлж байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 690.5 сая ам.доллар буюу 20.2 хувь, эрдэс бүтээгдэхүүн 833.9 сая ам.доллар буюу 24.3 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 738.2 сая ам.доллар буюу 88.5 хувь), мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 342.9 сая ам.доллар буюу 49.8 хувь, авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 747.5 сая ам.доллар буюу 21.8 хувь, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 262.5 сая ам.доллар буюу 7.7 хувь, химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 176.2 сая ам. доллар буюу 5.1 хувийг тус тус эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 86.2 хувь ногдож байна.
Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 54.3 хувийг БНХАУ-аас, 24.8 хувийг БНСУ-аас, 9.2 хувийг ОХУ-аас тус тус олгожээ.