Х.Баттулгыг АН-ын залуу гишүд хажиглаж, намаасаа зайлуухын түүс болж эхэлжээ. Тухайлбал, АН-ын гишүүн Л.Ганхөлөг хэвлэд өгсөн ярилцлагадаа “Х.Баттулга АН хоёр бол нэг саванд яагаад ч багтахгүй. Сонгуулийн тал дээр хувь хүний зүгээс болгоомжилж байгаа зүйл нь улстөрийг сүрэглэж хийж байна. Сүрэг дотроо ч нэгдсэн зорилго алга. Тэнд зөвхөн эрх мэдэл л байна. Зөвхөн сонгуульд ялах, ялаад яах гэж байгаа нь тодорхойгүй. Энэ тодорхойгүй сүргийг ахлаж байгаа хэдэн хүн нь л ашигладаг. Ялсан хойноо тэс өөр юм хийдэг гэдгийг 2017 онд харлаа. АН-аас Ерөнхийлөгч сонгогдлоо. Одоо гоё болох нь гэтэл хэдэн арван жилээр ухрах жишээтэй. Хэрэв баруун тийшээ харсан хүмүүс дээр зүүн тийшээ харсан хүмүүс байгаад байх юм бол, зүүн тийшээ харсан дотроо зохион байгуулалт нь сүргийн бүтэцтэй байх юм бол, энэ сонгуулиар миний айж байгаа зүйл бол Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялах нь түүхийн хар хуудсыг бүтээхээр явж байна буюу Оросын хараа нөлөө, хараа нөлөө гэдэг үг зөөлдөж байж ч магадгүй. Оросын дагуул улс болох замыг хурдасгаж өгөх бодитой аюул нүүрлэчихлээ. Эдгээр үзэл баримтлал, үйл хөдлөл, баримт нотолгоотойгоороо, үр дүнгээрээ нотлогдчихсон хүмүүсээсээ салж сонгуульд орохгүй бол Ардчилсан Нам энэ сонгуульд ялж болохгүй. Тусгаар тогтнолыг бэхжүүлдэг нам нь тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй хамтдаа сонгуульд орж болохгүй. Намаасаа урвалаа, намаа ялагдуулаа гээд хүмүүс төөрөгдөлд ороод байдаг. Гэтэл нам бол итгэл үнэмшил, зорилгоо хэрэгжүүлэх багаж хэрэгсэл болохоос биш энэ багажийг барьснаараа чи юу ч хамаагүй хий гэдэг үүрэг чиглэл ерөөсөө биш. Тийм учраас эдгээр хүмүүсийг намаа гаргахгүй юм бол АН миний болон бусад гишүүдийн боддог баруун төвийн нам биш. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө явдаг нам биш. Өөр нам юм байна гэж үзэхээс өөр аргагүй. Бид итгэл үнэмшлээ дагаж эвлэлдэн нэгдэхээс өөр аргагүй. Надтай адил итгэл үнэмшилтэй олон зуун гишүүд байгаа гэж хэлмээр байна” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Ийм бодолтой залуус АН-д олон бий. Гэхдээ л Х.Баттулга АН-аас салан тусгаарлах бус харин ч орон зайгаа тэлэхийг хичээж байгаа нь хэрэгжүүлж буй бодлогоос нь тодорхой харагдаж байна. Ингээд бодохоор АН-д хэний фракц засаглах вэ гэдэг тулаан өрнөсөөр байна.
Д.Лхагва