АН комедиан Д.Амартүвшин хэмээх “мааз” залуугийн Либертари гэх намын хүсэлтийг болгоож сонгуульд хамтарч оролцохоор болжээ. Д.Амартүвшин бол улстөрийн туршлагагүй хэрнээ УИХ-ын гишүүн болох мөрөөдөлдөө хөтлөгдөөд нам байгуулсан хүн. Нам байгуулахаар л улстөрч болчихдог юм гэж хаана байхав дээ.
За тэр яахав, хүний эрхийн асуудал гэж бодоё. Хамгийн гол нь Д.Амартүвшингийн “АН-ын зүгээс манай нам бол баруун төвийн үзэл баримтлалтай нам учраас бидний хооронд хол зөрүүтэй зүйл алга. Та бүхэн либертари үзлээ яриад явахад АН-ын зүгээс дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлсэн. АН-ын хувьд Монгол Улсад байгаа хоёр дахь том улстөрийн хүчин. Тийм ч учраас сонгуулийг ашиглаад, ийм том намаар дамжуулж либертари үзэл санааг маш олон хүнд түгээх боломж байгаа юм байна, энэ боломжийг алдаж болохгүй юм байна гээд шийдвэрээ гаргасан” гэж ярьсан нь анхаарал татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр намын үзэл баримтлал нь баруун төвийн буюу либерал үзэл баримтлал дээр нэгдсэн байна. Нийгмийн хамгааллын асуудлыг тэргүүн эгнээнд тавихгүй гэсэн үг. Хатуухан хэлбэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн эрх ашгийг хамгаалж “Чадалтай нь үлд, чадалгүй нь үх” гэдэг зарчмаар ажиллана.
Гэтэл цөөхөн монголчуудад нийгмийн баримжаат зах зээлийн бодлого ус агаар мэт хэрэгтэй шүү дээ. Барууны зэрлэг капиталын онол номоос татгалзаж социал-демократ үзэл баримтлалд нийцсэн бодлого хэрэгжүүлсэн улс орнууд өндөр хөгжилд хүрчихээд байна. Өөрөөр хэлбэл, хүн төвтэй бодлого нийгмийн шударга ёс, тэгш байдлыг хангадаг гэсэн үг. Баруун Европ, скандинавын орнууд социал бодлогыг тууштай хэрэгжүүлснээр хүнээ хөгжүүлж чадсан юм. Хүнийхээ асуудлыг орхисон улс орон урагшаа биш хойшоо ухардаг! Манай улс зүүний буюу нийгмийн хамгааллын үзэл санааг нэгдүгээрт тавьж, хэзээ ч татгалзах ёсгүй.
Д.Лхагва