МАХН-ын дарга Н.Энхбаярын цаг үеийн асуудлаар “TV9” телевизэд өгсөн ярилцлага.
-Сүүлийн үед улс төрийн хүрээнд яригдаж буй МАНАН бүлэглэлийн талаар та ямар байр суурьтай байна вэ. Энэ асуудалд таныг дуугарахгүй байна гэх шүүмжлэл бий?
-МАНАН бүлэглэлийн талаар хамгийн анх ярьсан нь би, бас Н.Удвал дарга байгаа байх. Харин улс төрийн хүчин нь гэвэл МАХН. Тиймээс үүнийг анх гаргаж ирж нийгэм, олон нийтийн анхааралд оруулсан хувь хүн, улс төрийн хүчний хувьд МАНАН-г арилгах, алга болгох талаарх үйл ажиллагааг халуун дотноор дэмжиж байгаа. Гэхдээ бид Ц.Элбэгдоржийг яриач гэж хэлдэггүй. Одоо бол хүн бүр л Ц.Элбэгдоржийг ярьж, М.Энхболдыг муулж өгөөч гэж ярьж байна. Харин бид үүний эсрэг ярьдаг байсан. Ц.Элбэгдоржийг битгий муулаач, М.Энхболдыг битгий шүүмжлээч. Аюултай шүү. Ингэж шүүмжлэх нь та болон таны гэр бүлд аюултай. Намд чинь халгаатай. Өөрийг чинь орон шоронд оруулаад, намыг чинь элдвээр хавчиж гадуурхаж байна гэдэг байсан. Тэр үед би үнэний төлөө гээд дуугарч байсан. Би, манай Н.Удвал дарга, МАХН МАНАН-г илчлэх ажлыг эхлүүлсэн. Одоо харин нийгэм даяараа бидний эхлүүлсэн ажлыг хүлээн авч МАНАН-г шүүмжилж байгааг дэмжиж байна. Нэгэнт эхлүүлсэн ажлыг хүмүүс ойлгоод дуугарч байхад би эхлүүлсэн, миний дуу чанга байх ёстой гэж өрсөлдөж ярих шаардлагагүй. Энэ шүүмжлэл олны дунд түгэж байгааг ямагт дэмжиж байгаа.
-МАНАН бүлэглэлийн талаар ярихаар таны нэрийг оролцуулаад байдаг. УИХ-ын дарга, Хуульзүй дотоод хэргийн сайдаас эхлээд яагаад таны нэрийг дурдаад байдаг юм бэ?
-Миний хувьд албан тушаалтан ажлаа буруу хийж байвал шүүмжилдэг. Түүнээс сул дорой үед нь хамт очиж дэвслэх дургүй. Миний зарчим ч энэ. Тэр утгаараа МАНАН бүлэглэлийн талаар хүмүүс ойлголттой болж шүүмжилж байгааг дэмжиж, зөв зүйл эхлүүлжээ гэж харж байгаа. МАНАН бүлэглэл хоорондоо өрсөлдөхдөө Н.Энхбаярыг, эсвэл МАХН-ыг хавчуулж өөрийнхөө зөв болгох гэж оролддог арчаагүй мэхтэй. М.Энхболдын хувьд МАНАН бүлэглэл анх хэзээ үүссэн бэ гэхээр Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдахад үүссэн гэж худал ярьдаг. МАНАН бүлэглэл стандарт бус Засгийн газар байгуулагдахад үүссэн. Яагаад гэвэл, МАНАН бүлэглэл бол хууль бус үзэгдэл. Хууль бус үзэгдэл гэдэг нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж МАН, АН нийлж, нэгнийгээ хамгаалж хуйвалдахыг хэлж байгаа юм. Тэгвэл 2004 онд намайг МАХН-ын дарга байхад УИХ-ын сонгууль янз бүрийн шалтгаанаар будилж МАХН 37 суудал авсан. Үндсэн хуульд зааснаар олонхийн суудал аваагүй юм чинь аль нэг улс төрийн хүчинтэй нийлж хамтарсан Засгийн газар байгуулахаас өөр гарцгүй. Тэр утгаараа АН дотоодоосоо хамтарч ажиллах хүнээр Ц.Элбэгдоржийг гаргаж ирж хамтарсан Засгийн газар байгуулаад ажиллаж байсан. Харин Үндсэн хуульд олонх суудал авсан улс төрийн хүчин дангаараа Засгийн газар байгуулна гэж заасан. Гэтэл С.Баярын үед МАХН 44-45 суудал авчихаад байхад стандарт бус Засгийн газар байгуулна гэсэн нэр хаяг хэрэглээд анх МАНАН үүссэн. Үүнийг ярихын оронд огт өөр зүйл ярьж, нэр ус хавчуулж өөрсдөө энхийн цагаан тагтаа болох гэж оролдож байгаа нь буруу. Энэ байдлаараа буруу бүхнээс гарч чадахгүй. Н.Энхбаярыг дахин дахин муулж, худал домог үлгэр зохиож ярьдаг цаг нь өнгөрсөн. Гэхдээ энэ талаар ярьж хувь хүнтэй маргах сонирхол алга. Удаа дараа ажиглагдаж байгаа учраас хэллээ. МАНАН бүлэглэл байгуулагдахад хэн орж ажилласан юм бэ. Ц.Нямдорж Хуульзүй, дотоод хэргийн сайдаар орж ажилласан. Гэтэл өнөөдөр МАНАН бүлэглэлийн эсрэг юм шиг яриад байгаа. Тэр битгий хэл Үндсэн хууль зөрчөөгүй байхад Н.Энхбаяр хуйвалдаж байгаад намайг унагаасан гэх мэтээр М.Энхболдыгоо муулахын тулд дахиад л миний нэрийг хавчуулж байна. Ц.Нямдорж яриад байгаа шигээ ажлаа өгч чадаагүй. Өгөхгүйн төлөө үхэн хатан зууралдсан. Гэхдээ Р.Бурмаа нар Ц.Нямдорж зөрчиж хууль тогтоох эрх мэдлийг дангаараа эдэлж хууль засч Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явууллаа гэдгийг илчилж Үндсэн хуулийн цэцэд өгсөн. Үндсэн хуулийн цэц ч гэсэн асуудлыг судалж үзээд үнэн гэдгийг тогтоосон. Ц.Нямдорж зөвхөн цэг, таслал зассан төдий биш юм. Уг нь УИХ-ын дарга бол олонхиороо баталсан хуулийг цэг, таслал ч засахгүйгээр зүгээр гарын үсэг зураад явуулах ёстой болохоос найруулгын алдаа зассан гэж янз бүрийн юм ярьж болохгүй. Гэтэл Ц.Нямдорж бодлоготойгоор улайм цайм хууль зассан. Үүний цаана гэмт хэрэг нуугдаж байж магадгүй гэж тухайн үед хүмүүс ярьж байсан ч ажлаа өгснийх нь хойноос нэхэж шалгаад яахав гээд хаясан байх. Би ч гэсэн мууг нь үзэж яваагүй. Үнэн хэрэг дээрээ Татвар, Сонгуулийн хуулийг засч татвар, сонгуулийг будлиантуулах ажлыг хийсэн байж магадгүй. Үүнийг шалгах хэрэгтэй. Би хууль засаагүй гэж удаа дараа ярьж байна. Тэгвэл Үндсэн хуулийн цэц ямар үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзсэн юм. Ямар хуулийн аль заалтыг зассан гэж үзсэн гэдгээ гаргаж ирэх хэрэгтэй. Үнэхээр засаагүй бол буцаагаад Ц.Нямдоржийг цагаатгах хэрэгтэй. Зассан бол татвар, Сонгуулийн хуулийг яагаад зассан юм. Татварын хуулийн цаана ямар компаниудтай уулзаж ямар ашиг хүртсэн юм. Сонгуулийн хуулийг зассанаар будлиантсан уу гэдгийг шалгах хэрэгтэй.
-Уул уурхайн лиценз тараасан асуудал бас яригдсан?
-Би Ц.Нямдоржийн талаар ярьдаггүй. Гэтэл тэр хүн удаа дараа яриад байгаа учраас буруу ойлголтод нь хариулт өгөх ёстой байх гэж бодож байна. М.Энхсайхан, Н.Энхбаярын үед уул уурхайн лиценз тараасан гэж яриад байгаа юм. Гэтэл тийм зүйл болоогүй. М.Энхсайханы үед Ашигт малтмалын сул хууль гаргаад маш олон хүн лиценз авсан байсан. Харин тэр үед би Ерөнхий сайд болоод манай Засгийн газрын Үйлдвэр худалдааны сайд Ч.Ганзориг энэ лицензүүдийг буцааж авья, цэгцэлье гэсэн санал хэлэхэд нь зуун хувь дэмжсэн. Ч.Ганзориг тэр асуудлыг Засгийн газарт оруулж ирэхэд Ц.Нямдорж надтай уулзаад “Энэ Ганзориг болчимгүй зүйл хийж байна. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг үргээсэн ийм зүйл хийж байхад дэмжиж байгаа нь буруу. Тиймээс энэ асуудлыг орхигдуулмаар байна. Лицензийн асуудлыг битгий цэгцлэх гэж оролдооч” гэж өөрөө надаас гуйж, ярьж байсан. Тэр үед Ц.Нямдоржийг хүндэтгэж нээрэн л олон талаас нь бодож үзэх ёстой байх гэж үзээд зөвлөгөөгөөр нь лицензийг цэгцлэх ажлыг харамсалтайгаар хийж чадаагүй. Түүнээс лицензийг тараасан зүйл байхгүй. Харин цэгцлэх гэж оролдоход Ц.Нямдорж зогсоосон. Бас албан тушаалд дургүй, хэнээс ч гуйж байгаагүй гэж ярьж байна лээ. Гуйхын дээдээр гуйж байсан. Тухайлбал, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан, тухайн үед УИХ-ын гишүүн байсан хүн. Бурхан болсон учраас нэрийг нь хэлээд яахав. Тэр хүн “Ц.Нямдоржийг Хятадын тагнуул гэж шүүмжлээд байна. Үнэн зөвийг шалгая гэх юм бол албан тушаалтныг хууль шүүхийн байгууллага шалгаж чаддаггүй. Одоо бол ЖДҮ-г шалгах гэж гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор оруулаад дэмжихгүй байгаатай адил. Тиймээс Ц.Нямдоржийг шалгахын тулд УИХ-ын гишүүн, сайдаас нь болиулж байж шалгая. Та Нямдоржид сайн ханддаг ч улс төрийн эр зориг гаргаад ярьж үзээч. Үнэхээр улстөрч, шударга хүн бол айхгүйгээр шалгуулья гэх байх” гэж хэлж байсан юм. Би Ц.Нямдоржтой уулзаад манай УИХ-ын гишүүд надад ийм зөвлөгөө өгч байна. Чи Хятадын тагнуул гэж яриад байгаагаа шалгуул” гэсэн. Гэтэл бараг нүдэндээ нулимс цийлэгнүүлж байгаад “Дарга аа танд миний тухай зориуд ийм муухай мэдээлэл өгч, хуурч байна. Би ажлаа өгөөд шалгуулах юм бол хэлмэгдэнэ. Нөхрийгөө хэлмэгдүүлэх гээд байгаа юм уу” гэхэд нь хууль шүүхийн асуудлыг сайн мэдэхгүй учраас нээрэн л хэлмэгдүүлэх нь гээд Ц.Нямдоржийн талд орж байсан. Түүний байр суурийг хамгаалсан. Гэтэл одоо албан тушаал гуйж байгаагүй. Халдашгүй хамгаалалтад орно гэж бодож байгаагүй гэж худал ярьж байна. Одоо хүртэл шалгуулаагүй. 1992 оноос хойш тасралтгүй УИХ-д сонгогдож байна. Ийм хамгаалалтад байгаа хүний хэн шалгах юм. Өөрийгөө хамгаалж байсантай адил ЖДҮ-чдийг хамгаалаад сууж байна. Тийм учраас худал зүйл ярьж миний нэрийг ашиглахаа боль гэж Ц.Нямдорж, М.Энхболд нарт хэлмээр байна. Хоорондоо л хэрэлд. Хэрүүлдээ Н.Энхбаярыг битгий хавчуул. Өөрсдөө МАНАН байгуулсан нь үнэн.
Улс стратегийн орд дээр 34 хувиас илүү авч чадахгүй хуультай. Энэ хуулийг Ц.Нямдорж хийж баталсан. Монголын төр засаг стратегийн орд дээр 34 хувиас дээш хувь эзэмшиж болохгүй гэсэн хуулийг Ц.Нямдорж гаргасан. Гэтэл өнөөдөр яагаад стратегийн ордынхоо талаар ярихгүй. М.Энхболдыг огцруулчихвал улс орон сайхан болох гэж байгаа мэтээр яриад байгаа юм бэ. Хоорондоо муудалцаад шударга хүний дүр эсгээд яваад байх юм. Олон удаа тэвчсэний эцэст өнөөдөр хариу өгч байна. Тиймээс миний удирдлага дор ажиллаж байсан хүмүүсийг хэнийг нь хэн бэ гэдгийг сайн мэднэ. Өнөөдрийн нөхцөл байдлаас хэрхэн гарах вэ гэдэг гарц шийдэл ярих хэрэгтэй. 7-8 жилийн өмнө Ц.Нямдорж, Ц.Элбэгдорж нарын тухай битгий юм яриач гэхэд бид ярьж байсан. Аль хэдийнэ хол явчихсан. Ц.Нямдорж “Шударга бусын хонгилыг би мэдэж байна. Энэ бол Ц.Элбэгдоржийн байгуулсан хонгил” гэж ярилаа. Тийм энэ бол Ц.Элбэгдоржийн байгуулсан хонгил мөн. Үүнийг ашиглаж өрсөлдөгчөө орон шоронд оруулж байсан нь үнэн. Гэхдээ хэн хамтарч байсан бэ гэвэл Ц.Нямдорж шүү дээ. Өдөр болгон над дээр орж ирж Н.Энхбаярыг шоронд хийгээд өгөөч гэдэг байсан гэж Ц.Элбэгдорж өөрөө хэлсэн. Тэр шударга бусын хонгил ганцхан Ц.Элбэгдоржийн байгуулсан юм биш. Ц.Нямдоржтой хамтарч, М.Энхболд байгуулахад нь оролцсон байхгүй юу.
60 тэрбумын асуудлыг би хэлж байсан. 2016 оны сонгуулийн өмнө МҮОНТВ-ийн шууд ярилцлагад орохдоо би хэлсэн. М.Энхболдтой олон жил хамтарч ажилласан. Хар залуугаас нь мэднэ. 60 тэрбумын бичлэг М.Энхболдын дуу хоолой мөн байсан. Ямар ч шинжилгээ хийгээд хэрэггүй. Надаас асуучих. М.Энхболдын хоолой мөн байна лээ гэж хэлчихээд байхад М.Энхболд эвлүүлэг гээд байсан. Гэтэл өнөөдөр 60 тэрбумын асуудал үнэн гэж У.Хүрэлсүх нь ч ярьж байна. М.Энхболд ч тиймэрхүү зүйл ярьсан. Гэхдээ хэрэгжүүлээгүй гэж хүлээн зөвшөөрлөө. Ц.Нямдорж унах гэж байгаа хүнийг дэвсэлдэг хуучин заншлаараа дээд зэргээр дэвсэлж байна. Ингэж болохгүй. Сайн мэддэг хүний хувьд хэлэхэд хоорондоо муудалцаж болно. Бусдын нэрийг битгий хавчуулж, хэрүүлдээ битгий татан оролцуулаач гэж хэлмээр байна. Удаа дараа давтагдаж байгаа учраас зах зухаас нь ярилаа. Хувь хүний тухай ярих дургүй учраас ярих сонирхол алга. Албан тушаал дээрээ эрх мэдлээ хэтрүүлж байхад чинь шүүмжилдэг байсан. Цаашид ч шүүмжилнэ. Харин одоо гарц ярья гэсэн санал тавьж байна.
-Өнөөгийн хямралт байдлаас гарах гарцыг хэрхэн харж байна вэ?
-Гарц юу юм гэвэл тогтолцоо буруу. М.Энхболдыг намын дарга байхад Үндсэн хуулиа өөрчилье гэж хэлж байсан. АН-ын дарга С.Эрдэнэд ч хэлж байсан. Нэгнээ муулахаа болиод Үндсэн хуулиа өөрчилье гэсэн саналаа Ерөнхийлөгч Х.Баттулгад Тамгын газрын дарга З.Энхболдоор нь дамжуулж өгсөн. Гаж тогтолцоогоо ярилцаж уул уурхайгаа ард түмэнд буцааж авч өгье. Хууль шүүхийн байгууллагаа шударга болгож, боловсролоо үнэгүй болгоё. Яагаад 200-хан мянган залуугийн сургалтын төлбөрийг дааж чадахгүй гэж худал яриад байгаа юм. Хэдэн сая оюутантай Германд дааж болоод байна. Англи шиг иргэдийнхээ эрүүл мэндийн зардлыг төр нь дааж, байгалийн баялгаа ард түмэнд тэгш хуваарилья. Ийм асуудлаа шийдэхгүйгээр нэг хүнийг барьж авч ноолж олуулаа дэвсэлчихээд тэр дундаа биднийг хавчуулж худал зүйл ярьж шударга ёс тогтооно гэж байхгүй. Тиймээс өнгөрч дуусч байгаа МАНАН-г хүнтэй холбож ярихаас илүү гарц эрэлхийлье. Бид Дээд хуулийн төслийг боловсруулсан. Үүнийгээ ард түмнээр хэлэлцүүлж баталья гэсэн бодолтой байгаа. Ард түмэнтэйгээ уулзаж ярья явна. Олон жил бохир аргаар улс төр хийж, хүн гүжирдээд сурчихсан. Хууль шүүхийн байгууллагаар өрсөлдөгчдөө хэлмэгдүүлээд сурчихсан хүмүүсийн үгэнд итгэж оюун ухаанаа битгий удирдуулаарай ард түмэн минь гэж хэлмээр байна. Гарц ярьж байгаа хүнтэй, намтай нь хамтаръя.
У.Хүрэлсүх үнэхээр чадаж байгаа бол ЖДҮ-чидтэйгээ хариуцлага тооцох ёстой. Зарим нь эхлээд 60 тэрбум, дараа нь ЖДҮ-чидээ яръя гэж байна. Шударга ёсыг тогтооход дараа нь гэдэг ойлголт байхгүй. Би ч гэсэн тухайн үед эхлээд газрын хувьчлал, дараа нь Оросын өр, дараа нь Хятадын тагнуул эсэхийг шийдвэрлэе гэж байсан. Тэгэхээр шударга ёсны төлөө тэмцэж байгаа залуучууддаа туршлагаасаа хуваалцахад дараа нь энэ асуудлыг шийдвэрлэе гэх хандлага худал байдаг юм билээ. Одоо л шийдвэрлэх ёстой. Тэр тусмаа хамгийн дотны хүн чинь худал байвал эхлээд түүнтэйгээ хариуцлага тооцож чадах юм бол үнэхээр шударга ёсны төлөө явж байгаа юм байна гэж ойлгоно. Тэгэхгүйгээр дотны хүнийхээ асуудлыг нуучихаад өөр хүн рүү дайрч шударга ёс тогтооно гэдэг худлаа.
-Эрх баригч намын зүгээс ярьж буй нэгнийгээ огцруулах тэмцэл үнэхээр МАНАН-гаас гарах гарц байж чадах уу. Үүнийг юу гэж харж байна вэ?
-М.Энхболдын 60 тэрбум үнэн юм бол яагаад ганцхан энэ хүн буруутай юм. 2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүн буруу гэсэн үг биз дээ. Ийм логикоор харахад сонгуулийн үр дүн буруу юм бол УИХ тарах ёстой. УИХ тараад ээлжит бус сонгууль явуулах ёстой.
Ээлжит бус сонгууль явуулж 60 тэрбумын асуудлыг хууль хяналтын байгууллагад нь шилжүүлж, шинээр Их хурал байгуулах хэрэгтэй. Ард түмэнд 60 тэрбумчид, ЖДҮ-чид гэж хэлүүлэхээргүй Их хурал байгуулах хэрэгтэй. Тэр эрхээ ард түмэнд өг л дөө. Юунаас айгаад байна вэ. Тиймээс ээлжит бус сонгууль явуулж энэ хямралаас гарья гэж байгаа юм. Ингэхдээ зүгээр нэг ээлжит бус сонгууль явуулах биш энэ Их хурал тарахдаа Үндсэн хуулийг батлах ажлын хэсэг, эсвэл эрх мэдэл бүхий бүтцийг бий болгох хэрэгтэй. 1990 оны эхээр Ардын Их Хурал байсан. Үүн шиг зөвхөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг шийдэх бүтэц Их хурал байгуулж болно. Засгийн газар, Ерөнхийлөгч ажиллаж л байна биз. Тэр Ардын Их Хурлаар Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулж МАХН болон бусад улс төрийн намын боловсруулсан Үндсэн хуулийг ярьж ард түмэнд баялаг өгөх юм уу, үнэгүй боловсрол, эрүүл мэнд байх эсэх, шударга шүүхтэй байх зэрэг чухал асуудлаар ард түмнээс санал авах хэрэгтэй. Ард түмэн эрүүл мэнд, боловсролыг үнэгүй байлгаж, шударга бусын хонгилыг арилгаж хараат бус шүүхээр шүүлгэе, байгалийн баялгийг олигархиудаас салгаж ард түмэнд авч өгье гэх юм бол түүнийх нь дагуу Үндсэн хуулийг боловсруулж батлуулах хэрэгтэй. Энэ санал асуулгыг ээлжит бус сонгуультай хамт явуулж хямралт байдлаас ухаалгаар гарах боломж, ухаан Монголын ард түмэнд бий. Гэтэл харамсалтай нь УИХ-ын гишүүд өөрсдөөс нь илүү мундаг хүн байхгүй мэтээр ярьж байна. Одоогийн байгаагаас илүү хачин юм гарч ирнэ гэж байхгүй. Төр засаг тогтвортой байх ёстой гээд байгаа юм. 60 тэрбум, ЖДҮ-гийн төр засаг яаж тогтвортой байх юм. Их зардал гарна гэж ярьж байна. Өөрсдөө тойрог болгон дээрээ 5-8 тэрбум төгрөг зоож 300-400 тэрбум төгрөгийн луйвар булхай хийчихээд сонгуульд их зардал гарна гэх юм. Сонгуульд үүнээс хэд дахин, бараг 10 дахин бага мөнгө гарна. Тиймээс шударга ёсыг тогтооё гэж байгаа бол ард түмнээс л асуу. Ард түмнээс битгий ай. Ард түмэн хамгийн шударга нь байж чадна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин