Хотын дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.500.000 төгрөг болгоно гэж амлаад санасандаа хүрсэн. Үүний цаана жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх бодлого давхар агуулагдаж байсан юм. Гэвч нөгөө цалингаа нэмүүлсэн жолооч нар нь бэлэн мөнгө авсаар, хууль дүрэм, ёс зүйн алдаа гаргасаар л байна. Жолооч нарыг сонгон шалгаруулна гэсэн ч нөхцөл байдал дээшилсэнгүй.
Хотын дарга мөн л ТҮК-ын ажилтнуудын цалинг 3.500.000 төгрөгт хүргэнэ хэмээн мэдэгдлээ. Үүний үр дагаварт хот угаасан шал шиг болох нь юу л бол? Иргэдийн ухамсар, соёл дээшлээгүй цагт гудамж талбайн үйлчлэгчдийн цалинг нэмээд нэмэргүй шүү дээ. Өглөөнөөс орой болтол цэвэрлэсэн гудамж маргааш өглөө нь дахиад л бохирдсон байдаг. Иргэд хог тарьж, хаа тааралдсан газраа нус шүлсээ хаядаг үзэгдэл багасаагүй тохиолдолд хот хэзээ ч өнгө төрхөө олохгүй. ТҮК-ийн ажилтнуудын цалинг нэмээд ч нэмэргүй!
Д.Бат