МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдоод байгаа Г.Гэрэл олон нийтийн телевизийн өнөөгийн байдлын талаар сэтгүүлчид байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Би шууд ажилдаа орсон. Нэгдүгээрт, бид ямар хөтөлбөрийн бодлоготойгоор телевиз, радио, сайт маань ямар сүлжээ, нэвтрүүлэг явуулаад байна вэ гэдэгт дүгнэлт хийж танилцлаа. Хоёрдугаарт, санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өглөө. Ингээд хэдэн хэдэн шийдэлд хүрч, 2024 оны төсвийн үйл ажиллагааг дөнгөж саяхан Үндэсний зөвлөлдөө танилцуулсан. Ер нь бол энэ оныхоо төсвийг батлуулахгүйгээр хагас жил орчим ажилласан байна. Үйл ажиллагаа, санхүүтэй холбоотой асуудлуудыг Үндэсний аудитын байгууллага шалгаж байгаа. Мөн хуулийн дагуу хөндлөнгийн аудит орж ажиллах учиртай. Энэ шалгалтын хүрээнд тодорхой асуудлууд удахгүй яригдана. Түүнийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ. Би өмнө нь удирдлагын багт орж ажиллаж байсан учраас тодорхой хэмжээний туршлага бий. Ингээд гурван зүйл дээр шинэчлэл хийх нэн шаардлагатай байна гэж үзлээ. Үүний нэг нь хөтөлбөрийн бодлогын шинэчлэл. Маш чухал асуудал. Бид олон нийтдээ шинэчилсэн хөтөлбөрийн бодлогыг танилцуулах цаг нь болсон. МҮОНРТ хэвлэл мэдээллийн салбарт яаж ажиллах юм, ямар манлайлал үзүүлэх үү, олон нийтийнхээ хэрэгцээ, шаардлагыг яаж хангах юм, хэрхэн хараат бус байх юм гэдгийг илүү тодорхой болгон шинэчилж, нэн яаралтай батлуулах шаардлага үүссэн байна. Хоёрдугаарт, менежментийн шинэчлэл хийх шаардлагатай болсон. Хууль эрх зүйн хувьд, төсөв санхүүгийн хувьд олон асуудал үүссэн байна. Боловсон хүчин, хүний нөөцийн бодлого ч эрсдэлтэй байна. Санхүүгийн нөхцөл байдал нэлээд дорджээ. Гуравдугаар сарын 26-нд ажлаа хүлээж аваад дөрөвдүгээр сарын 1-нээр тасалбар болгож, санхүүгээ харлаа. Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар маань өнгөрсөн 2023 оны зургадугаар сараас хойш төлөгдөөгүй байна. Энэ алдагдал 4.2 тэрбум төгрөгт хүрсэн. Цалингийн эрсдэлтэй нөхцөл байдалд бид ажиллаж байна. Цалингийн болоод үйл ажиллагааны алдагдал дахиад дөрвөн тэрбумд хүрч, ингээд нийтдээ найман тэрбумын хасахтай, өртэй төсвийг боож дуусаад, Үндэсний зөвлөлдөө оруулаад байна” хэмээн ярьсан нь олон хүний анхаарлыг татаж байна.
Түүний ярьснаар бол МҮОНРТ-ийн өмнөх удирдлагууд болон Үндэсний зөвлөл хариуцлагагүй ажилласан болж таарлаа.
Д.Лхагва