Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой нэлээд хэдэн асуудал хөндсөн. Энэ нь экс Ерөнхийлөгчийн дургүйцлийг ихэд хүргэжээ. Ц.Элбэгдорж уур бухимдлаа барьж чадалгүй Л.Оюун-Эрдэнэ рүү сошиалаар хатуухан үг дайжээ. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнэ ээ, чиний эвлүүлсэн рекламыг үзлээ. Чи их сандарч байна. Нүүр тулахаараа дүү чинь болъё гэх нь холгүй байдаг. Надаас бусад нь чамд аюул гэж харагдахаа больжээ. Чиний нүд бөглөрч, чих таглагдсан байна. Чимээгүй байгаа ч чамд хүмүүс дургүй болсон. Чамайг олон улсын хэллэгээр бол нарциссист гэж хэлнэ. Өөртөө дурласан гаж дон. Уг нь би чиний нэрийг дурсахгүй байя гэж бодсон. Монголоо харахаар элэг эмтрээд байх юм. Чи эх орноо шорон шиг, социализмын үеийн уурын зуух шиг болголоо. Хүмүүс эндээс гарч зугтахын түүс болж байна. Телевизээр хоёр цаг гаруй үргэлжилсэн рекламаа цацсан ч хүмүүст хүчээр үзүүлж чадахгүй. Эхлэлийг нь хараад л ой гутлаа, сэжиг хүрэм юм гэж хүмүүс бичиж байна. Чи цар тахлыг амжилт гэсэн тархи угаалтаар нэвтрүүлгээ эхлүүлсэн. КОВИД-оос болж ард иргэд хэчнээн их зовж шаналж, албан тушаалтнууд хэрхэн бүдүүлэг авирлаж байсныг, идэж ууж, завшиж байсныг чинь мэдэхгүй хүн үгүй. Чамайг Ерөнхий сайдаар ажиллаж байхад Монгол Улс хүн амдаа ногдох цар тахлын үеийн үхлээр дэлхийд тэргүүлсэн. Чи гаргасан алдаагаа ухамсарлаж, ард түмнээсээ уучлалт гуйгаагүй. Хэдэн их наядаар тоологдох хяналтгүй зардлынхаа тайланг тавиагүй. Олон улсад бидний оролцоотой маш их хөрөнгө боссон. Манай улсад тэр үед 900 гаруй сая ам.доллар орж ирсэн. Чиний ажил дандаа хоёр нүүртэй байх юм. Чамайг тойрсон хүмүүс л сайн сайхан амьдарч байгаа байх. Бусдынх нь амьдрал 0 заалаа. Чамайг 0 гэж нэрлэж байна. Авлигатай тэмцэж байна гэж байнга ярьдаг боловч өнөөдөр манай улсад төрийн оролцоотой хулгай дээрэм хаа сайгүй нэмэгдсэн. Жирийн иргэн ажил, бизнесээ тайван эрхлэх орон зай алга. Засгийн газрын гадуур, чиний мэдэхгүй хийгддэг хулгай дээрэм гэж үгүй. Монголоор л дүүрэн гадагшаа явахын мөрөөсөл болсон хүмүүс. Энэ Засгийн өөрийнх нь хийсэн санал асуулгаар 67 хувь нь боломж л гарвал гадагшаа явах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Монголчууд бид сайныг бүтээж явсан. Манай эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж, авлига нь хоёр оронтой тоогоор багассан, өрсөлдөх чадвар нь цойлсон, иргэд нь мөнгөтэй, дэлхийн гайгүй гэсэн компаниуд биднийг сонирхож явсан үе бий. Гадаадад байсан монголчууд буцаж эх орондоо ирж байлаа. Ерөнхий сайд аа, чи ийм байсан орныг ямар болгов? Монгол хүмүүс найман жилийн өмнөхөөс сайн амьдарч байна уу, муу амьдарч байна уу. Үүнийг хүмүүсээс бас өөрөөсөө асуу. Уг нь сонгуульд орох гэж байгаа, найман жил засагласан намын даргад ийм асуулт тавьдаг. Хэрвээ муутгасан бол хариуцлага хүлээдэг. Чи хүнийг суудлаас нь чирч буулгаж явсан. Харин одоо өөрөө өөрийгөө чирч буулгах цаг чинь болжээ. Өөр газар бол өчигдөр чиний улс төр дуусна. Чи улс төр хийх тусам улс маань уруудаж байна. Чамайг арилгана гэж улиглах тусам манайд засгийн хулгай, дээрэм нэмэгдлээ. Бусад хүн ажиллах тусам ядуурч, дарамтад орж байна. Харин чиний ах дүүс, эргэн тойрны хүмүүс улам баяжиж байна. Чиний улс төр ийм гаж. Өөрөө Ерөнхий сайд байж шүгэл үлээнэ гэнэ. Төрийнхөө алба хаагчид руу дайрна, ард олон бухимдаж тэмцэхээр төлбөртэй гаруудаа турхирч утгыг нь алдуулна. “Би та нартайгаа хамт” гэж хаалт бамбайн араас жүжиглэнэ. Монголд аль нэг харь улс аюул тарих нь юу л бол. Харин адгийн шаарууд тэдэнд худалдагдаж, биеэ үнэлж гүйх эрсдэл аль ч үед байсан. Чи ирэх сонгуулийг хулгайлах гэж толгойгоо гашилгаж суугаа. Чи ийм хулгайд гаршсан. Хэнд, хэзээ яаж долигонохоо хүртэл тооцсон. Хэнийг харлуулж, үгүй хийхээ ч бас заалгасан. Чи бүхнийг худалдаад авчихсан бас айлгачихсан гэж бардам яваа. Л.Оюун-Эрдэнэ ээ, чи их сандарвал ахыгаа ч худал гүжирдэнэ. Чиний эргэн тойрныхон ёсзүйтэй бол ард түмнээс дахиж санал гуйх нүүргүй болсон. Чи ард түмэндээ өр, хулгай, ядуурал, дампуурал авчирсан. Чаддаг ганц юм нь миний нэрийг барьж, тархи угаах. Цааш явах тусам чи Монголын дон дээр суух хэрээ болсон” гэгчлэн баахан загнав.
Ц.Элбэгдорж үгийнхээ далимд “УИХ-ыг 126 гишүүнтэй болголоо гээд манай улсад сайн зүйл болохгүй. Энэ бол эрх баригч Л.Оюун-Эрдэнийн хулгайн бүлэглэл олны олонд дулдуйдаж сандал суудалтайгаа үлдэх зальт арга юм. Намын жагсаалтаас гадна тойрогт хэн эхэнд нь жагсах вэ гэдэг зодоон болно. Намын даргын эрх улам төвлөрнө. Энэ бүгд түүнийг улам аймхай, хоёр нүүртэй, худалч болгоно. Тэр бидэнд аюултай дайсны тухай үлгэрээ ярьсаар өнгөтэй өөдтэй бүхнийг минь хулгайлсаар байх болно. Харсан юм шиг хэлье. Ард түмэнд ямар ч эрх мэдэл очихгүй, бүсчилсэн хөгжил ирэхгүй. Бүрэн эрхээр халхавчилсан баахан идэж уусан улс төрчдийн тоо л нэмэгдэнэ” хэмээжээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байхад Ц.Элбэгдорж энэ талаар байр сууриа илэрхийлж байгаагүй санагдана.
Д.Бат