Барилгажуулна, гэр хорооллыг устгаж оронд нь өчнөөн мянган хүний орон сууц босгоно л гээд байдаг. МАН 300 мянган айлын орон сууц барина гээд амлачихлаа шүү дээ. Налайхад л гэхэд анх удаа 635 өрхийн 7 блок бүхий орчин үеийн цогцолбор хотхон ашиглалтад оруулна л гэж байна.
Утаанаас салахын тулд гэр хорооллыг барилгажуулахаас өөр арга байхгүй. Гэхдээ барьсан барилга нь чанар муутай, гал түймэр, газар хөдлөлтөд тэсвэргүй бол баахан хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй шүү дээ. Үүнийг бодолцож, барилга барих чанар стандартыг ягштал мөрдүүлэх талаар ямар ажил зохиох вэ? Туркэд чанаргүй барилга ямар гамшиг дагуулсныг мартаагүй биз дээ? Монголд ч нүд хуурсан, удаан насгүй “орон сууц”-нууд удаа дараа тараа таниулж байна! Цаашид ч юу тохиолдохыг хэлж мэдэхгүй.
Хашаа байшинд олон жил амьдарсан хүмүүс нийтийн орон сууцын соёл мэдэхгүйгээс ус болон гал алдах тохиолдол хаа сайгүй гарах юм. Энэ чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулахгүй бол хашаа байшингаа хоёр өрөөгөөр сольсноос дор юм болох вий! Оршин суугчдад орон сууцны зарчмыг ойлгуулах ажлыг зөвхөн СӨХ-өөр дамжуулж хийнэ гэвэл бүтэхгүй дээ.
Дахин дахин хэлэхэд гэр хорооллыг бүхэлд нь орон сууцжуулах боломж аль ч талаасаа байхгүй. Тэгэхлээр айлын хашаа руу дэд бүтцийг нь оруулаад өгөх ажилд давхар анхаармаар байна. Зүгээр л орон сууцжуулна гэж яриад яваад байх бус өөр олон гарц гаргалгаа, шийдлийг олж хармаар байна! Цаг хугацаа биднийг хүлээхгүй! Эрсдэл, гамшиг бүр аюултай!
Д.Лхагва