Сэтгүүлч Б.Ганчимэгийн Ерөнхий сайд Л.Oюун-Эрдэнэтэй хийсэн ярилцлага “Улаанбаатараас ярьж байна” нэртэйгээр Монголын телевизүүдээр нэвтэрсэн билээ. Гэтэл Б.Ганчимэгийн найз гэх иргэн Д.Туяа өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж “Б.Ганчимэг нь өөрийн үүсгэн байгуулсан сэтгүүлтэй. Өөрийн зочин болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс сэтгүүлийн ярилцлагаа авсан. Гэтэл 4-р сард гарах дугаарын зочны ярилцлагаа хийх үеэр нь найруулагч “Hero” Б.Баатар түүний зочинтойгоо хөөрөлдөж байсан хар дүрс буюу яриаг нь эвлүүлэг хийж, нэвтрүүлэг болгон цацсан нь сэтгүүлч Б.Ганчимэгийг хохироосон гэж үзэж байна. Эмэгтэй хүнийх нь хувьд ч доромжилж, дээрэнгүй байдал гаргасан гэж би үзэж байна. Энэ үйлдэл нь “Hero” Б.Баатар гэж хүний 3 дахь удаагийнх болж байна” гэгчлэн мэдэгдлээ.
Харин Херо Баатар үүний эсрэг “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын 100 эрхэм нэвтрүүлгийн хар материалыг хулгайлахын тулд тухайн үеийн ТЕГ-ын дарга Б.Хурц манай студид тусгай ажиллагаа явуулж, “Маршал” студи дээрээ монтажлан цацсан. Тэргүүн хатагтай асан Цолмон, манай нэвтрүүлгийн манай редактор хөтлөгч байсан Анужин хоёрын яриаг намайг сошиалд цацсан мэт түгээсэн. Б.Хурц өөрөө ч тусгай ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйсан байдаг! Бүлэглэл одоо Б.Ганчимэг сэтгүүлч бид хоёрыг хагалах санаархлаа хэрэгжүүлж эхэлж байна. Элбэгдорж, Хурц хоёр над руу Зоригийн хэргийн тухай л битгий нэвтрүүлэг хий гэж олны танил нэр бүхий хүмүүсээр яриулж байгаа. Б.Ганчимэг сэтгүүлч бид хоёрын “Улаанбаатараас ярьж байна” цувралын дараагийн дугаар тун удахгүй…” хэмээн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Б.Ганчимэг ч өөрөө “Ойрын үед би “Бай” болоод жаахан хүнд байна. Сая миний багын найз хэвлэлийн хурал хийжээ. Би Неро Баатартай хамтарч улс төрийн намын дарга нарыг оролцуулсан “Улаанбаатараас ярьж байна”цуврал контентоо хийхээр бэлтгэл ажил явж байгаа. Дараагийн зочин АН- ын дарга Лу. Гантөмөр…Баатар бид хоёрын харилцаанд бүлэглэл битгий санаа зов” хэмээн мөн л няцаалт хийсэн байна. Гол үнэнийг хэлэх хүн бол Б.Ганчимэг шүү дээ.
Д.Лхагва