Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулна
Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 цагийн горимоор ажиллуулах бэлтгэлийг хангах, удирдан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад даалгалаа.
Байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл түүнийг дагалдууж боловсруулсан хууль, тогтоомжийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Төсөлд мал аж ахуйн салбар байгаль, цаг уурын хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах арга хэмжээг тодорхойлж, харилцан хамтрах, хоршоолох санаачилгыг дэмжин малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгажээ.
Мөн малчны хоршоонд нэгдсэн иргэнд арилжааны банкны эх үүсвэрээр зээл олгох, түүнийг зээлийн батлан даалтын сангаас 100 хувь батлан даах, анхан шатны болон дундын хоршооны загварыг бүс нутгийн онцлогт нийцүүлж тодорхойлох, малын тэжээл тарих нөхцөлийг бүрдүүлэх, хуулийн дагуу үзүүлж буй дэмжлэгт хамрагдсан малчин, малчны хоршооны хүлээх үүргийг тусгасан байна.
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан. Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.