13 давхар орон сууцны 3 давхарт тамхины иш хөглөрч, хаясан шүлс хатаж амжаагүй нэлийх нь бохир хогийн цэгийг санагдуулна.
50 нэлээд гарсан насны жижигхэн эмэгтэй шал угааж байв. “Та өдөр болгон орцоо цэвэрлэдэг үү?” гэж асуувал “Тиймээ” гэж байна. 13 давхараас эхлэн угаасаар нэг давхарт ирэхэд хамаг бие нь сульдаж хэвтээд өгмөөр санагддаг гэж нэмж хэлээд санаа алдахад нь хачин ихээр өрөвдөв.
“Хамгийн хэцүү нь маргааш дахиад л ухамсаргүй хүмүүсийн бохирдуулсан орчинг цэвэрлэнэ гэж бодохоос халширдаг ч амьдралын төлөө зүтгэж л байна даа. Ахлах ангийн хүүхдүүд, бас архичин, тамхичид их зовоох юм. Тэд хүний хөдөлмөрийг үл ойшоон нулимдаггүй байсан бол миний ажил харьцангуй хөнгөн байх байсан даа” гэж хэлээд нулимсаа арчлаа.
Орцны үйлчлэгчийн хэлж байгаагаар Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн охид, хөвгүүд шөнө гэртээ харьдаггүй орцонд л өнжих нь холгүй болсон гэнэ. Зүгээр ч нэг суухгүй байнга тамхи, архи, пиво хэрэглэж ажлынх нь ачааллыг нэмдэг аж. Үг хэлэхээр хөөрхий үйлчлэгчийг хүн байна гэж тоодоггүй гэнэ. Яана даа, монголчуудын ухамсар өдөр өнгөрөх бүр доройтоод байна! Эцэг, эхчүүд нь өөрсдөө төлөвшөөгүй болохоор үр хүүхдээ хүн шиг хүн болгож чадахгүй нь дэндүү ойлгомжтой. Зарим багш нарын хувьд сурган хүмүүжүүлэх үүргээ аль хэдийнэ мартсан шүү дээ.
Д.Дорж