АН нийт орон даяар Бүтэн ардчилал сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа билээ. Бүх гишүүдээс санал авч мөрийн хөтөлбөртөө тусгах уг хэлэлцүүлэг Баянгол дүүрэгт зохион байгуулагдах үеэр АН-ын дарга Л.Гантөмөр “ Ард түмний санаа зовж буй гол зүйл бол амьдрал болохгүй байна гэдэг явдал. Өнөөдөртөө Монголд коммунист нам засаглаж байгаа ч гэсэн улс төрийнхөө тусгаар тогтнолыг хадгалж чадаж байна. Харин эдийн засгийн тусгаар тогтнол, энергийн хараат бус байдал, үйлдвэрлэлийн хараат бус байдал, ажилтай, орлоготой болох боломж зэргийг яах вэ? гэдгийг бид хэлэлцэж байгаа. Эдгээрийг шийдэж байж Монголын ардчилал бүтэн болох юм. Гэвч МАН-ынхан коммунист арга барил, үзэл суртлаараа л ажиллаж байна. Даргыгаа хэтэрхий вакумжуулдаг юм байна лээ. Даргыгаа тойрч бүжиглэсээр байгаад Монгол төрийг Монголын ард түмнээс холтгодог. Иргэд төрд, намуудад итгэхээ больсон, түүнийгээ хэлдэг. МАН хэтэрхий их олон зүйл амласан, дааж давшгүй олон гоё зүйл амласан. Чухам л диваажин байгуулна гэж амлачихсан. Ингээд биелээгүй учраас ард түмэн төрд итгэхээ байсан. Ямар азаар АН 2012 онд олонхи болж, жаахан ажил хийж, аймгууд руугаа зам тавьсан юм бэ, хотын замыг жаахан ч гэсэн цэгцэлсэн юм бэ? Даанч МАН-ынхан цас ч цэвэрлэж чадахгүй байна, зөвхөн ярьдаг болсон. МАН буюу коммунистууд өнгөрсөн 30 жилийг шүүх гээд байгаа нь ямар зорилготой вэ гэхээр ардчиллыг буцаах гээд байгаа юм. Нэг хүний дарангуйлал руу аваачих гэж байгаа юм. Ерөнхийлөгчийн засаглал гэдэг их гоё нэр өгнө өө, бас. Би мэдэж байна. Ерөөсөө энэ болохгүй юм байна, олуулаа ялж болдоггүй юм байна, орон нутагт эрх мэдэл өгч болдоггүй юм байна. Харин нэг хүн л удирдах ёстой юм байна. Ийм л зүйл рүү МАН-ынхан явж байгаа. Өнгөрсөн 30 жилийг муулсаар байгаад, ардчиллыг гутаасаар байгаад, УИХ-ын 2024 оны сонгуулиар ямар ч бодлогын шийдэл гаргах чадваргүй парламент гаргаж ирэхийг зорьж байгаа. Тэр парламент бүдэрсэн өдөр л чухам үндэсний удирдагчаа хайж эхлэх гэж байгаа юм. Иймээс АН-д одоо ардчиллаа авч үлдэх сорилт ирж байна” хэмээв.
Түүнийхээр бол өнгөрсөн 30 жилийн булхай луйврыг илчилж, хариуцлага тооцох нь ардчиллын эсрэг үйлдэл юм байх.
Д.Лхагва