Дэлгүүрт хүүхэд хөтөлсөн эмээ орж ирлээ. Кассан дээр оочер их байв. “Зээгээ сургуульд нь оруулж өгөх цаг нь болчих гээд байна. Эмээ нь ганцхан энэ ундааг бичүүлчихье” гэж гуйвал залуухан өндөр хүүхэн “Яараагүй хэн байгаа юм. Бүгдээрээ л оочерлож байна ш дээ” гэж хөөрхий эмээгийн сэтгэл рүү ус цацав. Зээ охиных нь хичээл эхлэх цаг болчихоод байгааг тэр хүйтэн сэтгэлт хүүхэн даанч ойлгосонгүй. Аргаа барсан эмээ “Чи ямар хүний үнэргүй хүүхэн бэ? Настай хүн чамд үнэн учраа хэлж гуйгаа биз дээ?” гэвэл өөр нэг хүүхэн “Та хэн болоод хүн рүү дайраад байгаа юм” гэж цэвдэг хүүхнийг өмөөрч настай эмээг зандарлаа. Тэдэнд хэлэх үг олсонгүй. Хүнийг ойлгох, өрөвдөх ухамсар даанч алга.
Ахмад хүнийг хүндлэх сэтгэлгүй, үг сонсож чаддаггүй, өөртөө дүгнэлт хийхийг хүсдэггүй, зөвхөн бусдыг буруутгадаг, шүүдэг, шүүмжилдэг, доромжилдог, гүтгэдэг харанхуй сэтгэхүй газар авч байна! Боловсролын болоод Соёлын яам анзаарч харахгүй байна уу?!
Д.Лхагва