1990-ээд оноос өмнө Савхин эдлэлийн үйлдвэр гэж байлаа. Олон арван хүн ажилладаг, бүтээгдэхүүнээ экспортонд гаргадаг томоохон улсын үйлдвэр байв. Тус үйлдвэрт ажиллаж байсан Н.Тунгалаг гуайтай гудамжинд таарлаа.
-Сайхан. Сайхан хаваржиж байна уу?
Эгч нь баруун 4 зам орох гээд автобус хүлээгээд зогсож байна. Төв замын автобус ар араасаа ирэх л юм. Даанч хүн нь багтахгүй нь хэцүү байна. Уг нь өдрийн цагаар автобус сийрэг байсан биз дээ? Шугамын автоубус явахгүй бус явж л байна. Хотын хүн ам хэт ихэссэн болохоор ачааллаа даахгүй байна даа.
–Таныг бага залуу байхдаа улсын нийслэлийг ирээдүйд ийм болно гэж төсөөлөөгүй биз?
-Яаж төсөөлөх вэ? Тэр үед хот шиг хот байж дээ. Бүх юм нь эмх цэгцтэй. Хотын захиргааны шийдвэрийг бүгдээрээ л биелүүлнэ. Хотын хүмүүс ч соёлтой, эелдэг найрсаг сайхан байсан даа. Тэр цагаас хойш нийслэл улам л хөгжиж, иргэд нь улам л ухаан суумаар юм. Бүр дордоод байх шиг санагдах боллоо. Би бага байхдаа Налайхын дунд сургуульд суралцаж байсан. Хот руу дур зоргоор нь хамаагүй оруулахгүй шүү дээ. Заавал ямар учир шалтгааны улмаас, хэд хоног явах гэж байгаагаа тодорхой бичиж, зөвшөөрөл авдаг байлаа. 1990 оноос хойш маш олон өрх айл хөдөөнөөс хот руу нүүж ирснээр байдал биш болсон. Гэр хороолол ийм нүсэр том байгаагүй шүү дээ. Бодлого алдагдана гэдэг энэ дээ. Одоо бид үр дагаврыг нь амсаад сууж байна.
–Савхин эдлэлийн үйлдвэрт анх хэдэн онд ажилд орж байсан бэ?
-1982 онд 10 дугаар ангиа төгсөөд шууд Савхин эдлэлийн үйлдвэрт ажилд орж, ажилчин ангийн эгнээнд шилжиж байлаа. Мөн ч сайхан үйлдвэр байсан даа. Даанч ардчилал, зах зээл гэж яриад дампууруулчихсан юм. Бидний хувьд үйлдвэрийг маань хувьчилна гэхээр цаашаа үйлдвэр хэвээрээ л явах байх гэж боддог байлаа. Гэтэл ёстой тэгээгүй.
–Одооны нийгмийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Ардчилал руу бэлтгэл муутай орсны гайгаар ард түмэн хохирч, зальтай шунаг хүмүүс хожсон гэж боддог. Муу хэлээд байдаг социализмын үед удирдах ажлын хүмүүс маш өндөр ёс зүйтэй байсан юм. Жишээ нь, манай үйлдвэрийн Үйлдвэрчний хорооны дарга “Ажилд хүн авах гэж байгаа бол гоё ганган хувцастайг нь гэхээсээ уранхай гутал хувцастай, ядруу хүнийг нь авах ёстой шүү” гэж ярьдаг байсан. Хүний төлөө байж дээ.
Д.Лхагва