“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” уламжлалт арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаад Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албатай хамтран зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн хувьд “Донор дүүрэг” болох зорилго дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд ЦССҮТ-тэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр ажиллаж байгаа юм. Байгууллагаараа цусаа бэлэглэж “Донор хамт олон” болох зорилго төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг амжилттай хамарч байгаа бол энэ санаачилга хүрээгээ тэлж “Донор дүүрэг” болох хэмжээнд хүрсэн нь үнэхээр бахархмаар үйлс билээ. Ирэх сарын 3-ны Цусаа бэлэглэх өдрийг дахин хамтран тэмдэглэх болсон БЗД-ийн ИТХ-ын Ажлын албаны хамт олонд хоёронтой талархал илэрхийлье.
Өнөөдрийн үйл ажиллагааны хүрээнд донор Ч.Болормаа “Мөнгөн донор”, донор Ц.Баасандорж, Б.Болортуяа нар “Хүрэл донор”-оор өргөмжлөгдөж цол тэмдгээ гардан авсан бол донор Г.Ууганбаяр “Бахархал-10”, донор Г.Өнөржаргал “Бахархал-20”, донор Г.Мөнх-Од “Бахархал-30”, донор Д.Нямдорж “Бахархал-40” донор Д.Цэнд “Бахархал-50” тэмдгийн эзэд боллоо.
Донор дүүрэг болох зорилго дэвшүүлсэн Баянзүрх дүүргийн уриалгыг тус дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш, хамт олон дэмжиж байна. Өнгөрөгч бямба гарагт Баянзүрх дүүргийн 319 дүгээр цэцэрлэгийн багш, ажилтнууд Баянзүрх цус цуглуулах төв дээр ирж цусаа бэлэглэсэн бол өнөөдөр “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийн арга хэмжээнд тус дүүргийн 212 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Удвал нарын багш, ажилтнууд ирж хамрагдлаа. Хүмүүнлэгийн үйлсийн төлөө хамтран ажиллахаар болсон анхан шатны боловсролын байгууллагын удирдлага, хамт олонд баярласнаа илэрхийлж, бяцхан хүүхэд багачуудыг хүмүүжүүлж, сургах ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Д.Лхагва