Өнөөдөр эх орончдын өдөр. Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө амиа хайрлаагүй үе үеийн баатарлаг эрчүүдийг санан дурсахаас гадна өсвөр үе, залууст цэрэг эх оронч үзэл санаа төлөвшүүлэх чиглэлээр бодитой ажил зохиох ёстой өдөр юм.
Нэгэн урлагийн сургуульд багшилдаг танил маань гудамжинд таарлаа. Их л уруу дорой харагдах юм. “Яагаа вэ, бие чинь зүгээр үү?” гэж асуувал “Зүгээрээ, сэтгэл санаа гундуу байна. Сая хичээл ороод эх оронч үзлийн талаар сэдэв хөндөж Цогт тайж киноноос иш татаж оюутнуудад үзүүлсэн юм. Цогт тайжийн “Цогт тайж үхэвч Монгол улс мөнх” гэдэг агуу сюжетийг харуулаад тайлбарлабал зарим нь ердөө ойлгосонгүй. “Тусгаар тогтнол байлаа гээд яадаг юм” ч гэх шиг сонин сонин юм яриад уур хүргэчихлээ. Одооны хүүхдүүд дунд сургуульдаа юу сурч, мэдэж байсан юм бэ? Түүхийн хичээл орж байсан юм уу? Уран зохиолын хичээл гэж байсан юм уу?” гэж бухимдангуй өгүүлэв.
Үнэндээ эх оронч үзлийн талаар, энэ улсын тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдсон талаар ямар ч мэдлэггүй, ойлголтгүй хүүхэд, залуус олон байна даа. Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт түүх, уран зохиолын хичээлийн цагийг нэмэхгүй бол эх орон ямар их үнэтэйг ойлгодоггүй, амиа бодсон залуус улсын ирээдүйг яаж тодорхойлох болж байна вэ? Эцэг, эх, багш нар нь цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэхэд санаа сэтгэлээ бодитой чилээмээр байна. Эх орон, тусгаар тогтнол үгүй бол Монгол хүн оршихгүй! Тийм учраас эх оронч үзэл хүн болгоны хувь заятай холбоотой эрхэм дээд ухамсар байх ёстой.
Д.Лхагвадорж