2024 оны 1 дүгээр сарын 24-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан Дашваанжил компанийн машин осолдож, эрдэнэт хүний амь нас үрэгдэж, олон хүн орон гэргүй болсон. Хэрэг одоо болтол шийдэгдээгүй байна. Осол болсны ердөө маргааш нь Шадар сайд С.Амарсайхан “Улаанбаатар хот төдийгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тэсэрч дэлбэрэх бодис агуулж буй ААН-үүд, үйлчилгээ үзүүлдэг газрууд, тэр дундаа бензин тос шатахуун, хийн газ, пропан зэрэг ил далд бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьцгаая. Орон сууцны доор, автомашины дээр, айл өрхийн гараашинд ч байсан стандартыг мөрдүүлж, эзэнтэй болгох ажлыг зохион байгуулах, аюулгүй байдал хангах чиглэлээр ажиллана” хэмээн мэдэгдсэн. Засгийн газраас ч бензин шатахуун, газ худалдан борлуудаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийх шийдвэр гаргасан. Одоо тэр шийдвэрийн мөрөөр ямар арга хэмжээ авсан нь тодорхой бус байна. Орон сууцны хороололтой хаяа дэрлэн оршдог шатахуун түгээх станцуудыг буулгах ажил юу болов? Стандарт дүрэм зөрчиж хэн дуртайд нь хүссэн хэмжээгээр нь ахуйн газ худалддаг байдалд хяналт шалгалт хийж, арга хэмжээ авна л гээд байсан. Сураг чимээ байна уу? Энэ чиглэлээр ямар ажил зохиогдож байна вэ?!
Иргэд ч таг болчихлоо. Цагаан сарын бууз баншинд дээрх ослын дуулиан дарагдав бололтой. Уг нь хэзээ ч мартаж үл болох, байнга санаж сэргийлж, арилшгүй сургамж авах ёстой ноцтой хэрэг болсон шүү дээ!
Төр засаг, холбогдох албан тушаалтан, байгууллагуудын хувьд аливаа хэрэг, осол гарсны дараа гүн эмгэнэл илэрхийлээд, “Ингэж ч арга хэмжээ авна, тэгж ч хариуцлага тооцно” гээд өнгөрөх бус гаргасан шийдвэрээ яаралтай хэрэгжүүлэх ажилдаа шуурхай ормоор байна. Ямарваа хэрэг, осол аваараас урьдчилан сэргийлэх бодлого дутагдаж байна. Ниргэсэн хойно нь хашгираад ямар ч үр дүнгүйг бид бүгдээрээ харлаа, үзлээ.
Шадар сайд Засгийн газраас гарсан шийдвэрийг сэтгүүлчдэд танилцуулж байх үед хэрэгжүүлэх ёстой ажлууд шууд эхэлж байх ёстой шүү!
Олон хүн амьдран суудаг 16 хүртэлх өндөр орон сууцнууд бүгд доороо машины зогсоолтой. Нэг давхарт нь газ хэрэглэдэг аж ахуйн нэгж маш олон байна. Баллонтай газ хэрэглэдэг айл өрхүүд ч бий. Энэ бол жинхэнэ аюул шүү дээ! Хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр маш шуурхай ажилламаар байна!
Д.Лхагва