Өглөө, оройд битгий хэл ажил жигдэрсэн өдрийн цагаар нийтийн унаанд сууна гэдэг “зангууны үлгэр” болж хувирчээ. Төв замын автобус ар араасаа цуварч ирсэн ч хүнээ багтааж шингээхгүй байна. Зорчигчид урд, хойд хаалгаар нь гоожих шахсан дүр зураг хаа сайгүй. Автобусанд сууна гэдэг ахмад хүмүүсийн бүр өндөр даваа. “Сууж чадалгүй 4 автобус өнгөрөөлөө” хэмээн ярих настай хүнтэй ч таарав. Арай гэж суулаа ч сандал олдох нь бүү хэл залууст шахуулна гэдэг бэрх зовлон угтана. Хавирга сүвээгээ гэмтээлгүй шиг буувал их юм болж!
Энэ бол автобус цөөдөж байна гэхээсээ илүү хотын хүн амын тоо хэт нэмэгдэж, нийслэл ачааллаа даахгүйд хүрсний нотолгоо юм. Мөн шинээр оруулж ирсэн автобуснууд нь багтаамж муутайгаас хүнээ багтааж шингээхгүй байна. Гурван хаалгатай, өргөн автобус үйлчилгээнд явдаг бол байдал арай өөр шүү дээ. Гэтэл хоёрхон хаалгатай, хавчиг автобусанд зөрөх ч зай алга! Хотын захиргаа, Нийтийн тээврийн газар энэ асуудалд шуурхай анхаарал хандуулж, урт бөгөөд өргөн автобус оруулж ирмээр байна!
Д.Лхагва