Ирэх 4 дүгээр сараас ёгтлоод хэлбэл мөнгөөр “бороо” орох бололтой. Тавантолгойн ногдол ашгаас ард түмэнд дахин хишиг хүртээнэ гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд 4 дүгээр сарын 1-нээс цалин, тэтгэврийг нэмэх болсныг албан ёсоор дуулгалаа. Түүнээс гадна бүх ахмад настны тэтгэврийг 100.000 төгрөгөөр нэмэгдүүлэх болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд аль оны өмнө мэдэгдсэн. Цагаан сарын өмнө ч, дараа нь ч энэхүү “сайхан” мэдээгээ давтаад авна лээ.
Юмны үнэ өсч байгаа үед цалин, тэтгэвэр нэмэх нь буруу биш л дээ. Гэхдээ өргөн хэрэглээний барааны дахиад хөдөлчих вий гэх айдас хүн болгонд байгаа. Дотоодын үйлдвэрлэгчид, худалдаачид цалин, тэтгэвэр нэмэх сургаар бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчихдэг. Үр дагаварт нь Монгол төгрөг үнэгүйддэг. Цалин, тэтгэвэр нэмсэний үр дүн салхинд хийсдэг гэсэн үг. Тийм учраас төр засаг байгаа л юм бол үнэ, инфляци, шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах үүрэгтэй байгууллагуудаараа дамжуулан үнийн өсөлтөөс сэргийлэх бодитой бодлого хэрэгжүүлмээр байна! Тэгж чадахгүй бол цалин тэтгэвэр нэмсний утга учир алдагдана. Зүгээр л эрх баригчдын нэр хүндээ өсгөх явуургүй алхам болж нийгэмд тусна!
Д.Лхагва