Монголчууд зан суртахууны хувьд ихэд өөрчлөгдөж, эвдэрч байгаа нь сошиалын нус цэр шиг пост, сэтгэгдлүүдээс тодорхой харагдах боллоо. Бохир намаг дунд амьдраад байна уу даа гэж бодогдохоор хар бараан орчин давамгайлж байна. Хүнд нэр төрөөс эрхэм зүйл хаана ч үгүй. “Нэр хугарахаар яс хугар” гэж монголчууд эртнээс хэлж, захиж ирсэн юм.
Гэтэл аливаа хэрэг явдал болоход хурдхан шиг постолж баахан лайк, шейр цуглуулах гэж л яардаг сэтгэхүйн өвчтэй болжээ. Тухайн хүний цаана амьдрал, хувь заяа бий, нэр төр бий гэдгийг бодох ухаанаа аль хэдийнэ сошиалд залгиулчихаж. Тавантолгой төмөр замын удирдах ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, садарласан гэх бичлэг ил болж, хүний мууд дуртай хүмүүсийн нарыг гаргав.
Мэдээж төрийн хариуцлагатай алба хашиж байгаа хүмүүсийн хувьд ёс зүйн маш бүдүүлэг алдаа гаргасныг нь зөвтгөх үндэс байхгүй. Гэхдээ тэр асуудалд холбогдсон хүмүүсийн, тэр эмэгтэйн нэр, нүүр царай, ажил албыг нь нэг бүрчлэн ил гаргаж тавих шаардлага байсан уу? Энэ хүмүүст хариуцлага тооцох субьект нь олон нийт мөн үү?!
Уг бичлэгээр далимдуулан эрх баригчдын нэр хүндийг унагаах улстөрийн эрээ цээргүй зорилго л харагдлаа шүү дээ. Золионд нь хүний эрх бүдүүлгээр зөрчигдлөө. Дайрч доромжлон бичиж байгаагаа хүний эрх гэж ойлгодог мөртөө хүний эрхийг яаж шороотой хутгаж байгаагаа огт тоодоггүй харгис хандлага улам газар авч байна. Энэ бол сүйрэл. Монголчууд нэгнийхээ мууг үзэхээс, мууд нь дурлахаас л хамгийн их цээрлэдэг байсан юм! Үйлийн үр хүүхдэд үсэрдэг!
Д.Лхагвадорж