Улсын хэмжээнд 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдож, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байгааг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар авч хэлэлцсэн. Улмаар мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан юм. Мөн мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгоод шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргах, малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгаад байна.
Үнэндээ цас харьцангуй бага унадаг говийн аймгуудад энэ өвөл цагаан зуд нүүрлэн мал ихээр хорогдлоо. Малчид маань амьжиргааны эх үүсвэр болсон хэдэн малаасаа саллаа. Дорноговьд адуун сүрэг хаана яваа нь мэдэгдэхгүй алга болсныг нутгийн иргэд мэдээлсэн. Өвөл шувтарлаач цаана нь хаврын хахир улирал хүлээж байна. Малчдад төр засаг, түмэн олны тусламж зайлшгүй хэрэгтэй байна. Гэтэл хөдөөгийн амьдрал мэдэхгүй, ахуй орчинг нь гадарладаггүй, Улаанбаатарын дөрвөн уулын дундаас гарч үзээгүй шахам зарим хүмүүс “Малчдад бүү тусла. Зун, намар архидаж найрласнаа өвөл нь чанаргүй олон малаа хуйгаар нь алдаж модоо барьснаа хот орж ажил хийнэ ч гэх шиг. Мал ч маллаж чаддаггүй байж юун ажил хийх” хэмээн хахир өвлийн жавар шиг хүйтэн сэтгэлээр ярьж, бичиж байгаа нь даанч харамсалтай. Байгалийн давагдашгүй хүчин зүйл тулгараад байгааг арилсан дотортой, амиа бодсон арчаагүй хүмүүс ойлгохгүй ээ.
Хэдэн малын буян монголчуудыг өдий болтол тэжээж ирснийг ухамсаргүй хүмүүс ойшоож үздэггүй нь ухаан дутуугийнх биз ээ.
Малынхаа төлөө жилийн дөрвөн улиралд хүйтэнд нь хөрж, халуунд нь халж тэмцдэг малчдад одоо л туслахгүй бол хэзээ туслах юм? Гэрийнх нь тооныг тулах шахсан их цас дарчихаад байхад “Би л лав малчдад туслахгүй. Орхи” гэж халуун орон дээрээсээ постолж суугаа хүний адгуудад сэтгэл гэж байна уу? Суурин газарт 8 нэрийн барааны дэлгүүрийн архийг хороож өгөхөөс өөр “эрдэмгүй”, нэг баарнаас нөгөө баар руу “нүүж” явахаас өөр хийсэн ажилгүй, юм болгоныг шүүмжилж, хүн болгоныг гүтгэж гутаахаас өөр чадах юмгүй хүний оронцогууд өөрсдөө энэ улсыг юугаар гийгүүлж байгаа вэ?! Мал аж ахуйгүйгээр Монгол Улсыг төсөөлөхгүй!
Д.Лхагвадорж