ийслэлийн 24 хорооны 33 байршил болон Сэлбэ гол дагуу халиа тошин үүссэн бөгөөд цаашлаад шар усны үер болох эрсдэлтэй байгаа юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоосон. Үүнтэй холбоотойгоор халиа тошингийн нөхцөл байдал, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Мөн цаг агаар, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгалийн хүчин зүйлээс хамаарч шар усны үер их хэмжээний хохирол дагуулах эрсдэлтэйг анхааруулсан юм.
НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:
-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 284 ажилтан, алба хаагч 48 техник хэрэгсэлтэйгээр гар аргаар болон механизмаар 8460 метр суваг, шуудуу татаж, 400 тонн гаруй мөсийг тээвэрлэн, далан босгох ажлыг зохион байгуулсан. Халиа тошингийн нөхцөл байдлаас шалтгаалж есөн айл хашаандаа байх боломжгүй болж, долоон айл нүүсэн. Хоёр айлыг онцгой байдлын байгууллагаас нүүлгэн шилжүүлээд байна. Есдүгээр сард олон жилийн дунджаас 1-1.5 дахин их хур тунадас орсон. 11-12 дугаар сард олон жилийн дунджаас 2-3 дахин их цас орж, Улаанбаатар хотод 17-19 см цасан бүрхүүл тогтсон. Эдгээр нь цаашид шар усны үер үүсэж болох нөхцөлийг бүрдүүлж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс НОК-т зөвлөмж ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан НОК хуралдаж, Засгийн газрын 2018 оны Гамшгийн зэрэг тогтоох журмын дагуу үерийн эрсдэлтэй байршлуудад гамшгийн шар түвшинг тогтоолоо. Ийнхүү халиа тошинд өртсөн айл өрхийн аюулгүй байдлыг хангах, мөсийг нэн даруй зөөж тээвэрлэх, далан босгох, суваг шуудуу татах, лаг хагшаас, хог хаягдлыг цэвэрлэж, ус чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн найдвартай ажиллагааг хангах, хаврын шар усны үер, зуны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай байна хэмээв.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалан:
-Сүүлийн жилүүдийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт болон аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа. Зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн долоо, наймдугаар саруудад 3-4 удаагийн гэнэтийн үер усны үзэгдэл болж, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэн. Хур тунадас их байгаагаас голын усны түвшин болон хөрсний чийгийн хэмжээ нэмэгдэж буй.
Мөн дэлхийн дулааралтай холбоотойгоор өвлийн улиралд гэнэтийн дулаарал болон хүйтрэл ажиглагдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дулаарахаараа олон жилийн дунджаас 15-20 хэм дулаарч, говийн бүс нутгаар нэмэх хэмд хүрсэн. Харин эсрэгээрээ хүйтрэхээрээ олон жилийн дунджаас 15-20 хэмээр хүйтэрч, уулархаг нутгаар -50 хэм хүрсэн үзэгдлүүд ажиглагдаж байна. Эдгээр үзэгдэл нь цаашдаа ч гэсэн ажиглагдах магадлал өндөр. Өнгөрсөн 9-12 дугаар сард орсон цасны хэмжээгээр нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч мөн адил зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Үүнтэй холбоотойгоор гэнэтийн дулаарал ажиглагдах магадлал өндөр байгаа тул шар усны үер хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд буй.
Энэ сарын 15, 16-ний өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр буюу Ховд, Говь-Алтай, Баянхонгор, төвийн аймгуудын нутгаар буюу Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар огцом дулаарах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар өдөртөө нэмэх хэм хүрч дулаарна. 17-ний өдрөөс эхлэн ихэнх нутгаар огцом хүйтэрч, хүчтэй цасан шуурга болох төлөвтэй байгаа. Мөн хоёрдугаар сарын 18-ний өдөр өмнөх өдрөөсөө 10-20 хэм хүйтрэх төлөвтэй байна. Иймд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч болзошгүйг анхааруулж байна.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан:
-Манай газраас Улаанбаатар хотын хэмжээнд халиа тошин үүссэн 33 байршилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мөн үзлэг шалгалтыг тогтмол хийж байна. Баянзүрх дүүргийн 1, 2, 23 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Сэлбэ гол дагуу үүссэн халиа тошингоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж буй. Мөн Дэнжийн мянгын 1, 3 дугаар суваг, Толгойтын суваг, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны сувгуудад халиа тошингоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 3000 шоо метр суваг татан, далан босгож, гарсан 1200 шоо метр мөсийг зөөж шилжүүлсэн. Түүнчлэн Гүнжийн булаг, Баянгол, Улиастай зэрэг голын сав дагуу халиа тошин үүссэн хэсгүүдэд тухайн дүүргийн онцгой байдлын алба, дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсүүд суваг татах, далан хаалт босгох, мөсийг зөөж шилжүүлэх ажлыг хийж байна.
Өнгөрсөн зун орсон борооны улмаас хотын төв, голын ай сав дагуу халиа тошин үүсэж байгаа. Урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийсний хүчинд суваг татаж, халиа тошин үүсэх нөхцөл байдлыг багасгасан. Түүнчлэн газрын доорх хөрсний усны түвшин дээшилсэнтэй холбоотойгоор халиа тошин үүсэж, хахаж хөлдөх, голын ус, мөс дээшээ түрж хөлдөх эрсдэлүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, нийслэлийн харьяа байгууллагуудтай хамтарсан үзлэг шалгалт хийсэн. Улаанбаатар хотын хэмжээнд халиа тошинд өртөх эрсдэлтэй 2316 нэгж талбар бий. Энэ хүрээнд голын голдирол дагуу зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгах, нүүлгэн шилжүүлэх ажлыг үе шаттайгаар төлөвлөгөөний дагуу хийж байна. Иймд голын хамгаалалтын зурвас, инженерийн хийцлэлтэй барилга, байгууламжийн хамгаалалтын зурвас, үер ус, халиа тошин үүсдэг байршлуудад зөвшөөрөлгүй буухгүй байхыг иргэддээ анхааруулж байна гэлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:
-Дэлхийн дулааралтай холбоотой уур амьсгалын өөрчлөлт их болж байна. Иймээс аливаа гамшиг болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах нь чухал. Халиа тошинтой холбоотойгоор НОК-оос гамшгийг шар түвшинг тогтоосон. Цаашлаад энэ нь улаан түвшинд хүрэх эрсдэлтэй байна. Бид улаан түвшинд хүргэхгүй байхын тулд ажиллана. Сэлбэ голын голдирол дагуу барилга, байгууламжуудыг буулгаад эхэлсэн. Мөн Сэлбэ голын далан, суваг, шуудууг ухаж, лаг, хагшаасыг цэвэрлэнэ. Сэлбэ, Толгойт гол дагуух халиа, тошин үүссэн 10 байршлын мөсийг зөөхөөр бэлдэж байна. Дөрөвдүгээр сарын эхээр шар усны үер буух магадлалтай гэж мэргэжлийн байгууллагууд сануулж байгаа. Голын голдиролд үүссэн халиа тошинг чөлөөлөх ажлыг хоёрдугаар сарын 16-наас эхлүүлнэ. Нийт 17 экскаватор, 120 хово ачааны машинтай ажиллахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотой экскаватор, хово машинтай аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа тул нээлттэй урилгын зар түгээгээд байна хэмээн ярилаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС