Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан “Хоёрдугаар сар гарснаас хойш 14 аймгийн 47 сум төмөр зудтай. Мал бэлчээрлэх боломжгүй, малчид өвс тэжээлээ татах боломжгүй нөхцөлд байдалд орсон. Мөн 17 аймгийн 135 сум цагаан зудтай байна. Улсын хэмжээнд нийтдээ 250 гаруй сум зудын нөхцөлд байна. Ийм учраас өвөл хэрэгжүүлсэн арга хэмжээгээ хаврын турш хэрэгжүүлж, малчид иргэддээ бүх талын туслалцааг үзүүлнэ” хэмээн мэдэгдлээ.
Яг үнэндээ ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч хангай болон говийн олон аймаг, суманд зуд нүүрлээд байна. Мал сүрэг ч ихээр хорогдлоо. Хэдэн малчид маань үнэхээр зүдэрч байна. Тэдэнд одоо ч төр, түмний тусламж хэрэгтэй болоод байна.
Социализмын үед ч малчдад туслах хөдөлгөөн бүх нийтийн үйлс байлаа. Дунд сургуулийн сурагчид л гэхэд лaа, шүдэнз, бээлий, нэмнээгээр дэм болдог байсан юм. Байгалийн гамшигийг хэдхэн малчид даваад гарна гэдэг хүнд асуудал. Харин сүүлийн үеийн хүүхэд, залуус мал маллах, өсгөж үржүүлэхэд ямар их эрдэм, ямар их хөдөлмөр ордогийг мэддэггүй болохоор хөдөөгийн амьдрал, малчдын хөдөлмөрийг мэдэрдэггүй, үнэлдэггүй. Буянт малын хүчээр монголчууд цагийн хэцүүг өлсөхгүй давдаг шүү дээ. Малчиддаа туслая.
Д.Лхагва