Орцны жижүүр хийж амьдралаа залгуулдаг ахмад настай хүмүүсийн талаар сурвалжлахаар 15 дугаар хорооллын нэгэн байрны гадаа дөхөж очвол 60 нэлээд гарсан насны намхан биетэй, хөл ялимгүй муутай эмэгтэй орцны зүүн талд овоорсон хогийг шүүрдэж байлаа. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат гэнэ. Хүүхдүүдээ дагаж 6 жилийн өмнө нутгаасаа гарснаас хойш зүгээр сууж чадалгүй орцны жижүүрийн ажилд оржээ. “Би залуудаа өндөр цалинтай ажил хийж явсан хүн. Хотод орж ирээд хэдэн хүүхдүүддээ дараа болохгүй гэсэндээ ийм ажилд орсон доо. Цалин бага. Гэхдээ зарим хүмүүсийн маш ухамсар муутай үйлдэл нь авдаг хэдээс маань ч дор байх юм. Тэр л хэцүү дээ” гэж яриад түр амсхийв. Түүний ярьснаар 15 дугаар хороолол шөнө орой хөл хөдөлгөөн ихтэй, ялангуяа баяр ёслолоор. Харамсалтай нь өглөө нь босоод харахад өмнөх өдөр нь хэрэндээ л хичээж цэвэрлэсэн орчинд нь эргээд хог хөглөрчихдөг ажээ. Ихэнх нь ажилгүй архичин хүмүүсийн “уран бүтээл”. Бас байрных нь ажилгүй залуус их төвөг уддаг гэж байна. Баахан хүн дагуулж ирээд л гэртээ оролгүйгээр архи ууж, тамхи татаж маш их дарамт болдог аж. 13 давхар барилгыг дээрээс нь доош нь угаагаад дуусах үед ухамсар муутай хүмүүс эхнээс нь бузарласан байх нь элбэг аж. Цагдаа нарын хувьд зохих арга хэмжээ авдаг ч байдал нэг л дээрдэхгүй байгаа талаар орцны жижүүр эмээ халаглав.
“30 жилийн өмнө л хотод ийм замбараагүй байсан гэдэг. Архидалт, тамхидалт гэдэг юм яагаад буурдаггүй юм бэ? Он цаг өнгөрөх бүр улс орон хөгжиж, хүмүүсийн ухамсар дээшилмээр юм. Эсрэгээрээ улам л дордоод байна. Хамгийн муухай нь охид, эмэгтэйчүүд ихээхэн эвдэрч байгаа нь санаа зовоох юм. Банди нартай нийлээд л орцонд нөгөө цахилгаан тамхиа баагиулж, архи пиво ууж суух нь олон. Хэлэхээр мань мэтийг хүн гэж үзэхгүй. Эцэг, эх нь ямар хүмүүс байна вэ? Тийм хүмүүс багш нараа тоодоггүй нь мэдээж шүү дээ. Яаж хүн шиг хүн болж хүний дайтай амьдрах бол доо, хөөрхий”. Эмгэн ингэж хэлээд нүүрээ шудрав. Миний уулзсан орцны жижүүр эмээ хийсэн ажлынхаа хүндэд гэхээсээ хүн төрхөө алдаж, улам зэрлэгшиж байгаа нийгмийн үзэгдэлд илүү санаа зовдог нь илт. Ахмад настнаа дээдлэх, хөдөлмөр, сэтгэлийг нь хүндлэх ухамсар улам л холдоод байна даа! Хамгийн гол нь хүн хүнээ гэсэн өрөвчхөн, хүнлэг чанар алга болж байгаад Монголын эгэл жирийн нэгэн ахмад настан ихэд санаа зовж байна.
Д.Лхагва