Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад:
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандах болсон шалтгаан, Үндэслэл:
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Т.Доржханд нар өнгөрсөн жил ҮХНӨ-ийг санаачилж УИХ-аар батлуулсан. Ингэхдээ гишүүдийн тоог 126 болгож 78 гишүүнийг ард түмний сонголтоор, үлдсэн 48 гишүүнийг намын жагсаалт нэрээр УИХ -д шууд орох боломжийг бий болгосон. ҮХНӨ-ийг ард түмэн дэмжээгүй. Гэтэл ҮХНӨ-ийг батлуулахын тулд Хөгжлийн банкны хэргийг сенсац болгож ард түмний анхаарлыг өөр зүгт хандуулж байгаад батлуулсан. 48 гишүүнийг ард түмнээр сонгуулахгүйгээр УИХ-д оруулах нь хэнд ашигтай вэ? эдгээр 48 гишүүн хэнд үйлчлэх вэ? Ард түмэн 78 гишүүнийг л сонгоно. Эндээс харахад Монголын ард түмэн сонгох эрхээ хязгаарлуулж байгаа нь тодорхой харагдаж байна.
Үүний цаана Хятад улсын ЗГ-ын бодлого байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна. Монгол төрийн эрх хэнд очих вэ? Хятадад уу? Оросод уу? Барууныханд уу? Одоогийн 76 гишүүнээс хоёр гишүүн гадны гар хөл болж ҮХНӨ-ийг хийлгэсэн үү? Тэгвэл 126 гишүүн доторх 48 гишүүн гадны гар хөл болбол юу болох вэ? Ингэж ҮХНӨ-ийг хийснээр МУ-ын эдийн засаг өснө гэж эдгээр хүмүүс олон удаа хэлж байсан. Ямар нэгэн үйлдвэр барихгүйгээр, ажлын байр бий болгохгүйгээр гишүүдийн тоог нэмж ард түмнээс төрөө шууд сонгох эрхийг нь булааж авснаар эдийн засаг өснө гэж тайлбарлаж байсны учир утга тодорхой болж байна.
Ингэж чадвал Монгол төрийн эрх жинхнээсээ гадныханд очих магадлалтай байна. Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч рүү хийж байгаа дайралтууд нь ингэж хардахад хүргэж байна. Ч.Хүрэлбаатар, Т.Доржханд нар нь 44 их наядын нүүрсний хулгай байна гэж нэр бүхий сэтгүүлчээр нүүрсний хулгайг ҮАБЗ рүү чиглүүлж дайралт хийсэн. Засгийн газрын шийдвэр гаргаж шахмал түлшийг хагас коксоор солих гэхэд мөн л Ч.Хүрэлбаатарын троллууд болон ХҮН намынхан эсэргүүцэж зогсоосон. Утаа их байж олон хүн хордох тусам шахмал түлшний автор нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэж дайралтуудаа хийсээр байна. Цэрэг нас барсан асуудлаар ч Ерөнхийлөгч рүү ээлжит дайралтаа хийсэн. Одоо газ дэлбэрсэн асуудлаар Ерөнхийлөгчийн эргэн тойрны хүмүүсийн буруутай үйлдэл гэсэн дайралтууд явагдаж байна. Эдгээр дайралтууд нь У.Хүрэлсүх гэх хувь хүнээс илүүтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийг муухай харагдуулах гэсэн зохион байгуулалттай гадны захиалгатай үйлдлүүд байж магадгүй байна. Ийнхүү янз бүрийн байдлаар ард түмний сонгох эрхэнд халдаж байна.
2.Ч.Хүрэлбаатар яагаад Монгол Улсад ашиггүй гадныханд ашигтай хуулийн өөрчлөлтийг УИХ -д өргөн барьж батлуулахаар улайран зүтгээд байна вэ? Жишээ нь: ОТ гэрээг батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Фрийдланд ирэхдээ хэлсэн. ГХО-ын хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулахдаа 100 мянган ам.долларын босгыг авч хаяж, хөрөнгөгүй хөрөнгө оруулагчдад газраа 100 жилээр ашиглуулах төсөл оруулж ирсэн. ЗГ-аар хэлэлцүүлэхгүйгээр ЗГ-ын нэрийг барьж өргөн барьсныг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар мэдэгдсэн. Өнөөдрийг хүртэл МУ-н санхүү эдийн засгийн бодлогыг энэ хүн атгаж ирсний гайгаар манай улсын эдийн засаг дорой, хүмүүсийн амьдрал ядуурч байна. Түүхий эдээ боловсруулахгүйгээр түүхийгээр нь хятад руу экспортлохын тулд давхар АМНАТ ноогдуулж боловсруулах үйлдвэрүүдийг дампууруулсан .
3.2023 оны 5 дугаар сарын 26 -ны орой Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “016 Old cite” обьектод ХЯТАД иргэдтэй уулзаж, хууль бус мөрийтэй тоглоом тоглож байгаа гэх мэдээллийн мөрөөр сурвалжилсныг бид мэдэж байгаа. Сэтгүүлч зураглаач тус газарт очиход сайд Ч.Хүрэлбаатар Хятад иргэдтэй байсан бөгөөд кордиорт сэтгүүлчийг дагуулан гарч тайлбар өгсөн.
Тэрбээр: Удахгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятад улсад айлчилна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын талаар Хятадын талтай ярьж байна гэх хариултыг өгсөн. Мөн хэвлэлийнхнийг уулзалт хийж байсан өрөөндөө оруулахаас цааргалсан бөгөөд тус газрын ажилчид хаалгыг барьж дотогш нэвтрүүлээгүй. Ийнхүү Ч.Хүрэлбаатар гадаадын төрийн байгууллага, албан тушаалтантай ажил хэргийн уулзалт хийсэн мэтээр хэвлэлд мэдээлж олон нийтийг төөрөгдүүлсэн. Хэрвээ албан ёсны ажил хэргийн уулзалт арга хэмжээ хийсэн бол ГХЯ зэрэг бусад холбогдох яам тамгын газраас оролцсон төлөөлөл хэн хэн байсан, уулзалтын үр дүнгийн талаар яагаад мэдээлэхгүй байна. Энэ бүхэн эргэлзээ төрүүлж байна. Ч.Хүрэлбаатарыг хятад гаралтай тухай архивын баримтыг нэр бүхий нэвтрүүлгээр гаргасан. Энэ баримт нь Ч.Хүрэлбаатарыг гадны гар хөл байж магадгүй гэдэг хардлагыг баталгаажуулж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нь өнгөрсөн хугацаанд Увс аймгийн ард иргэдийг хотон, дөрвөд, баяд ястнаар нь хагаралдуулах ажлыг хийж ирсэн. Энэ тухай 2019 оны 11 -р сард миний бие ҮАБЗ-д шалгуулахаар гомдол гаргасан, гэвч шалгалт хийгдээгүй.
УИХ-н гишүүн Ч.Хүрэлбаатар нь цахим орчинд маш олон троллуудыг ажиллуулж ард түмний тархийг угаах ажлыг тасралтгүй хийж гадны бодлогыг хэрэгжүүлж бусдыг гутаан доромжилж хүний эрхэнд ноцтойгоор халдаж байгааг бүгдээрээ мэдэж байгаа хэрнээ яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?
Үүнд,
1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,2 дахь хэсэгт заасан Гишүүн “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.” гэсэн Монгол Улсын Их хурлын гишүүний тангараг зөрчсөн эсэх
2.Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэснийг зөрчсөн эсэх
3.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ҮАБЗ, холбогдох газруудад хандана. Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батболд” гэсэн байна.