Энэ оны нэгдүгээр сарын 25-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын сүүлийн 20 жилийн газар олголт, газрын хувьчлал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд газар олгосон нь хууль зөрчсөн эсэх, мөн нийтийн тээврийн асуудлаар нээлттэй, нийтийн сонсгол хийх, УИХ-ын даргад хандаж Түр хороо байгуулах чиглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт өгсөн билээ.
Б.Энхбаяр Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Сая болсон томоохон осол аваарын шалтгаан нь явж явж газрын авлига дээр тулж очсон. Иймэрхүү осол нийслэл хотын хувьд давтагдаж болзошгүй эрсдэл өндөр байна. Манайх шиг хот дотроо аюултай ачаа бараа тээвэрлэдэг хот дэлхийд ховор. Тур тусмаа орон сууцны хорооллууд, үйлчилгээний төвүүд шахаж тулж баригдсан ийм орчинд аюул ойрхон. Сая болсон осолтой холбоотой тойрог замын асуудал яригдаж байна. Тойрог замын асуудлыг ярихаар газрын асуудал яригдана. Уг үндэс нь явсаар байгаад авлига дээр очиж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн 20 жилийн газрын авилгын үр дагавар ийм байдалд хүргэж байна. Тийм учраас өнгөрсөн 20 жилийн газар олголттой холбоотой авлигын асуудлаар зөвхөн Засгийн газрын хэмжээнд бус УИХ-ын хэммжээнд нээлттэй сонсгол байгуулах ажлын хэсэг байгуулж, Хуульзүйн сайд миний бие өөрөө ахлахаар боллоо” хэмээн мэдэгдсэн.
Ямартаа ч ажлын хэсэг нэлээд шуурхай ажиллаж байгаа бөгөөд ирэх 7 хоногт нээлттэй сонсгол хийж магадгүй байгаа бололтой.
Д.Лхагва