Х.Нямбаатар хотын даргаар томилогдоод удаагүй байхдаа гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр томоохон алхам хийхээ зарласан. Тэгвэл өнөөдөр нийслэлийн АН-аас хэвлэлийн хурал зарлаж, хотын даргыг буруутгалаа. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн АН-ын намын Хүний эрх, хууль эрх зүйн бодлогын зөвлөх Х.Номингэрэл, Гэр хорооллын хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Түмэнбаяр, Газрын харилцааны бодлогын зөвлөх Б.Хадбаатар нар оролцлоо. Тэд “Х.Нямбаатар нь хотын дарга болмогцоо 1 сарын дотор санаачлан УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлж батлуулсан урт нэртэй, агуулга холилдсон хууль нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байгаа. “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай” нэртэй хууль нь иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх, өмчтэй байх эрхэд ноцтойгоор халдаж байгаа тул хуулийн хэрэгжилтийг зогсоох, хүчингүй болгох асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах, хуулийн хүрээнд шат шатны арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Иргэн таны зөрчигдөж байгаа эрхийг хамгаалахад таны оролцоо, дэмжлэг чухал юм” хэмээн мэдэгдэв.