АНУ-ын Мэн муж улсын Дээд шүүх Ерөнхийлөгч асан Дональд Трампыг тус муж улсаас ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Бүгд Найрамдах Намын сунгаанд оролцохыг хориглолоо. Ингэснээр ийм шийдвэр гаргасан Колорадогийн дараах хоёр дахь муж улс болов.
Мэний шүүх Иргэний дайны дараа батлагдсан 14 дүгээр нэмэлт, өөрчлөлтөд үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Уг нэмэлт өөрчлөлтөд Үндсэн хуулийг сахин хамгаална гэж тангараг өргөснийхөө дараа нь “АНУ-ын эсрэг бослого гаргасан, оролцсон эсвэл дайснууддаа тусламж, дэмжлэг үзүүлсэн бол аль нэг муж улсад төрийн алба хашихыг хориглоно” гэж заасан байдаг.
Колорадогийн шүүх 12 дугаар сарын 19-нд Д.Трампыг муж улсын анхан шатны сунгаанд оролцохыг хориглосноор тэрбээр үймээн самуунд холбогдсоны улмаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн шийдвэрийг сонссон АНУ-ын түүхэн дэх анхны нэр дэвшигч болсон юм. Харин түүний хуулийн баг АНУ-ын Дээд шүүхэд давж заалдах гомдол гаргахаа мэдэгдсэн байна.
2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч байсан Д.Трампыг дэмжигчид 2020 оны 11 дүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахад саад хийхийг оролдож, Конгрессын байр луу дайран орж үймээн дэгдээж байсан юм гэж МОНЦАМЭ уламжиллаа.