Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд хөрш орноосоо хамааралтай. Өвлийн ид хүйтэн дөнгөж эхэлж байхад шатахууны нөөц хомсдож, цахилгаан үе үе тасрах боллоо. ОХУ-аас Монголд нийлүүлдэг цахилгаан станцад гэмтэл гарснаас асуудал үүсч, цахилгааны хязгаарлалтад орох хүндхэн нөхцөл байдал үүсээд байна. Хэдийгээр хойд хөрш цахилгааныхаа хэмжээг одоохондоо багасгаагүй ч байдал хүнд байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “эр зоригтойгоор” мэдэгдсэн.
Цаашдаа гал алдах аюул нүүрлээд байгаа нь учирч болзошгүй бодит эрсдэл юм. Юутай ч Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайдаа дагуулаад ОХУ руу яаралтай мордсон байна. Шатахуун, эрчим хүчний нийлүүлэлтийн асуудал Оросын холбогдох хүмүүстэй уулзаж ярилцах гэнэ.
Д.Лхагва