Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 давхар барилгад гал гарч долоон амь насаа алдсан маш харамсалтай хэрэг гарлаа. Энэ бол зүгээр нэг халаглаад өнгөрөх хэрэг биш шүү дээ. Нэг гэр бүлийн долоон хүн цаг бусаар алтан амиа алдаад байхад холбогдох байгууллагууд яагаад таг байна вэ? Гал гарсан шалтгааныг яаралтай тогтоож, олон нийтэд хандаж маш өргөн хүрээтэй сэрэмжлүүлэг гаргах ёстой биз дээ? Онцгой байдлын алба, цагдаа яагаад галын дүгнэлтийг яаралтай зарлахгүй байна вэ? Иргэдийн хувьд бид л өртөөгүй бол боллоо гэж байгаа юм шиг дор бүрнээ амиа бодоод чимээгүй болчихлоо.
Энэ бол туйлын ноцтой хэрэг. Өнөөдөр бусдад тохиолдсон зовлон маргааш таныг дайрахгүй гэх баталгаа байхгүй. Тийм учраас дахин ийм аюул гарахгүйн тулд дор бүрнээ хичээх хэрэгтэй байна. Фейсбүүкээр хүний мууг үзэж, хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилдог шигээ ийм аймшигтай хэрэг гарчихаад байхад яагаад сонор сэрэмж, хариуцлагаа дээшлүүлэх талаар олигтой үг ярьцгаахгүй байна вэ? Ядаж л СӨХ-гоо шахаж шаардмаар байна шүү дээ. Архи, тамхи хэрэглэдэг оршин суугчдад тавих хараа хяналтаа сайжруулмаар байна!
Д.Дорж