Цаг агаарын огцом хүйтрэл, амьсгалын замын өвчлөл, замын түгжрэлтэй холбогдуулж хотын захиргаанаас шийдвэртэй арга хэмжээ авч байгаагаа хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Сүүлийн үед эрс хүйтэрч байгаатай холбогдуулан хэд хэдэн арга хэмжээг зайлшгүй авах шаардлага үүслээ. Цочмог хүйтрэл энэ сарын 20-ноос хойш үргэлжлэх төлөвтэй байна. Ойрын үед хөрсөн дээр -40 хэмийн хүйтэрч байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар маргаашаас ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар анги орон даяар цахим горимд, энэ сарын 25-аас эхлээд 6-12 дугаар ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжихээр боллоо. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас ирэх оны хоёрдугаар сарын 1-ний хугацаанд замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслүүдийг тэгш, сондгой горимоор оролцуулахаар шийдлээ” гэлээ. Харин цэцэрлэгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах бөгөөд эцэг, эхчүүд хүүхдээ өгөх, эсэхээ өөрсдөө шийдэх юм. Мөн нийслэлийн хотын авто замын түгжрэлийг бууруулах шинэ хууль батлагдсантай холбоотойгоор Улаанбаатар хотын төр захиргааны байгууллагуудыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр ажиллуулахаар төлөвлөж байна” гэж мэдэгдэв.