Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, парк шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй бодлогоо танилцууллаа. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага болон холбогдох албаныхан оролцож, санал солилцсон юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд орж ирсэн улаан болон цахилгаан автобуснуудыг “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн өмчлөлд бүртгэх ажлыг энэ онд багтаан хийнэ. Ирэх онд шинээр орж ирэх автобуснуудыг ч мөн тус компанийн нэр дээр бүртгэх бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн компаниуд бүртгэгдсэн автобуснуудыг авах эрх нь нээлттэй. Авахдаа түрээс, лизинг гэсэн хоёр төрлийн зарчмаар гэрээ хийнэ. Саяхан батлагдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нийтийн тээврийг хөгжүүлэх сан бий болгох талаар заасан. Ингэснээр эргэн төлөлтийн хөрөнгө тус санд төвлөрч, дахин шинэ автобус оруулж ирэх нөхцөл бүрдэх юм. Ирэх онд 465 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдана. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 400 автобус авсан бөгөөд эргэн төлөлт хангалтгүй, 26 хувьтай байгаа тул цаашид шинээр худалдаж авах автобуснуудыг улсад өртэй компаниудад өгөхгүй. Харин өрөө төлж барагдуулах гэрээ хэлэлцээрийг хийж болно.
“Хятад автобус төгс биш” гэж ярьж байна. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тендерийн хуулиар олон улсын нээлттэй тендер зарласан. Тендерт зөвхөн БНХАУ-ын компаниуд саналаа ирүүлсэн байна. Европоос автобус оруулж ирэхээр үнийн санал авсан. Гэтэл нэг автобус ойролцоогоор 1-1.2 тэрбум төгрөгийн үнэтэй. Тэгэхээр ийм үнэтэй автобус нэгийг авах уу, хятадын шинэ автобус тавыг авах уу гэдгийг тендерийн хуулиар шууд шийдэж байгаа. Мөн цаашид цахилгаан автобуснуудыг үе шаттайгаар худалдан авна. Цахилгаан автобусны ашиглалтын зардал 10 дахин бага гэх тооцоолол бий.
Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал:
-Судалгаанаас үзэхэд өмнө нь баримталж ирсэн бодлого иргэдийг нийтийн тээврээр зорчихгүй байхад чиглэсэн байна. 2007 онд нийслэлийн иргэдийн 67 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж байсан бол энэ тоо 2022 онд 34 хувь болж буурсан. Түүнчлэн 2015 оноос нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн “Улаанбаатар Смарт Карт” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй тул уулзалт хийж, компанид мэдэгдэл хүргүүлсэн. Иймд ирэх хоёрдугаар сард нийтийн тээврийн төлбөрийн шинэ систем нэвтрүүлнэ хэмээлээ.
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирж буй автобуснуудыг хэрхэн худалдан авах болон өмнөх автобуснуудын эргэн төлөлтийн талаар уулзалтад ирсэн төлөөллүүд тодруулж байлаа. Мөн менежмент, зохион байгуулалтаа сайжруулж, бодлогоо тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэйг хэлж байв. Ирэх онд нийтийн тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж буйг Хотын дарга онцолсон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС