Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.12.14/ үдээс хойших нэгдсэн хуралдаан Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Хуралдаан дээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Нийгмийн эрүүл мэндийг хамгаална гэдэг нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж гэсэн хоёр талтай асуудал. Харамсалтай нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаарх эрх зүйн орчин бүрдээгүй учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ач холбогдол өгч, эмчилгээнд төсөв хөрөнгөө илүүтэй зарцуулаад олон жил болж байна. Иймд салбарын суурь асуудлыг зохицуулдаг анхдагч хуультай болох нь зүйтэй гэж үзсэн. Бусад улс орнуудын туршлагаас үзэхэд, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсөв санхүүгийнхээ дийлэнх хэсгийг зарцуулдаг бол манай улс эсрэгээрээ явж ирсэн. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төсвийнхөө 20 хувийг зарцуулж байна” гэв. Мөн тэрбээр, Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг төрийн албан хаагчдын нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу зохицуулна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүдийн нийгмийн баталгааг хангана гэж оруулсан” гэлээ.